УБТЗ нийгэмлэгийн дүрмийн санг тус бүр 125 сая.доллараар нэмэгдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dogsom@montsame.mn
2018-05-30 14:46:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлнэ.
Энэ талаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гарч, уг замыг барих-ашиглах-шилжүүлэх гэсэн нөхцөлтэйгээр барьж байгуулахаар болж, энэхүү төсөл концессын жагсаалтад тусгагдаад байгааг Зам, тээвэр хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Туушин зочид буудалд болсон “Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөлгөөний үеэр хэллээ. 
Ойн хүрээнд Улаанбаатар төмөр замын хамт олон хөдлөх бүрэлдэхүүн, дохиолол холбоог иж бүрэн солих зэргээр шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж, энэ онд гол замын бүрэн автомат хориглолттой дохиоллын системийг нэвтрүүлж дуусгахаар ажиллаж байна.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьд Улаанбаатар төмөр замд хоёр улсын талаас тус бүр 125 сая ам.доллараар дүрмийн сангаа нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж, энэ хүрээнд Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн I болон II дахь үе шатны шинэчлэл хэрэгжиж дуусах юм. УБТЗ-ыг 2030 хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг салбарын эрдэмтэн судлаачид, ТББ-уудын оролцоотой жил гаруйн хугацаанд судалж ТУЗ-өөр батлуулахаар ажиллаж байгаа талаар холбогдох хүмүүс дуулгалаа.
“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ, Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ нийгэмлэг, “Болдтөмөр ерөө гол”, “Нортерн рэйлсвэйс” компани болон ТББ-ын төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн удирдлага, нийт 800 гаруй зочин төлөөлөгч оролцсон зөвлөлгөөн үдээс хойш Төрийн ордонд үргэлжилж төмөр замын салбарын бодлого, хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна.
 
Б.Болд
 

Холбоотой мэдээ