Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-30 17:50:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Уг дүгнэлтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн байна хэмээн үзсэн юм. Тодруулбал, уг хуулийн 44.2.13 дахь хэсэгт “төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих” хэмээн заасан. Энэ нь Үндсэн хуулийн 5.2 дахь хэсэгт заасан “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 16.3 дахь хэсгийн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн заалтыг зөчсөн байна хэмээн үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү чуулганы хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлэв.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ