Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах тогтоолыг анхны хэлэлцүүлгээр батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-30 18:21:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлав.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын нэрийг Мал эмнэлгийн ерөнхий газар болгон өөрчлөхтэй холбогдуулан уг тогтоолын төслийг Засгийн газар энэ сарын 21-нд өргөн мэдүүлсэн юм. 1993 онд баталсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг мал, эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан байна. Гэвч мал эмнэлгийн болон мал үржлийн албаны хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг ялгавар байгаагаас үүдэн тус хуулийг хэрэгжүүлэхэд хийдэл гарсан байна. Тиймээс Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгах шаардлагатай хэмээн Засгийн газар үзжээ. Тогтоолын төслийн хүрээнд ирэх сарын 01-нд Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулахаар тусгасан юм.

Мал эмнэлгийн хүрээлэнг ХХААХҮЯ-ны харъяанд бус БСШУСЯ-ны дэргэд байлгах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ. Тэрбээр, "Энэ хүрээлэн ХХААХҮЯ-ны харъяанд байснаар тухайн байгууллагын эрдэм шинжилгээний ажил бүрэн зогсч, вакцин тараах зэрэг аж ахуйн ажилтай зууралдах магадлалтай. Ингэснээр шинжлэх ухааныг хөгжүүлэх бодлого алдагдана" гэлээ.

Мөн М.Билэгт гишүүн малыг эрүүлжүүлэх, малчдын залгамж халааг бэлтгэх, тэднийг дэмжих чиглэлд анхаарах шаардлага тулгарч буйг дурьдлаа.

Монгол малыг эрүүлжүүлэх чиглэлээр төрийн зүгээс бодлого гарган ажиллаж байгааг хэмээн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хариуллаа. Мөн тэрбээр, "Монгол Улс малын зарим төрлийн гоц халдварт өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэх, үйлдвэрлэх боломжгүй вакциныг олон улсаас бус нэг л орноос худалдан авдаг болох бодлого баримталж байна" гэлээ.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо гаргасан байна. Уг саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлгээр батлав
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ