ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 1966

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
172@montsame.mn
2018-06-05 16:40:37
ДХБХ-ноос 1960 оны 8-р сард гаргасан шийдвэрийн дагуу ДАШТ-1966  Англи улсын 7 хотын 8 цэнгэлдэх хүрээлэнд 1966 оны 7-р сарын 11-нээс 30-ны өдрүүдэд зохиогдсон билээ.



ДХБХ 1966 оны ДАШТ-нд Африк тивээс шөвгөрсөн баг Ази юмуу Далайн орнуудын хэсгээс тодорсон багтай нэмэлт тоглолт хийж байж Лондонг зорих эрх авах болзол тавьсаныг Африкийн 16 орон эрс эсэргүүцэн “ДАШТ 1966”-г өнжихөөр болсон юм. Иймээс ДХБХ 1966 оны ДАШТ-нд Европ тивийн 10, Өмнөд Америкийн 4, Ази тивийн 1, Төв ба Хойд Америкаас 1 баг оролцуулахаар шийдвэрлэжээ.
 

Энэ ДАШТ 16 багийг өмнөх дэлхийн аваргын тэмцээний жишгээр 4 хэсэгт  хуваарилаж, хэсэг тус бүрээс 2 баг хасагдах шатны тэмцээнд өрсөлдөн аваргаа тодруулсан юм.

ДАШТ 1966-д эзэн орон Английн баг ХБНГУ-ын шигшээ багийг нэмэлт цагт 4:2-оор буулган авснаар Дэлхийн аваргын Цомыг анх удаагаа гардсан билээ.


 
1966 оны ДАШТ – ний эргэн тойронд болсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
  • Тэмцээн эхлэхийн өмнөхөн буюу 1966 оны 3-р сард олон түмэнд сурталчилгааны зорилгоор үзүүлж байсан Жюль Римэгийн цомыг хулгайд алдсан хэрэг гарсан байдаг. Англи даяараа цомыг хайх ажлыг зохион байгуулсан ба сонины цаасанд боосон Жюль Римэгийн цомыг Лондоны нэгэн цэцэрлэгийн бутан дотроос Пиклс нэртэй нохой олж байжээ. Цом олдоогүй тохиолдолд гардуулахаар ЯГ ДУУРАЙЛГАН хийсэн хувилбар нь эдүгээ Манчестер хотын хөл бөмбөгийн музейд хадгалагдаж байгаа аж.
  • Энэ тэмцээнд анх удаа өрсөлдсөн БНАСАУ-ын баг хэсгийн тоглолтондоо дэлхийн хоёр удаагийн аварга Италийн багийг 1:0 харьцаатай буулган авч хасагдах шатанд шалгарч байсан бол Португалийн баг хэсгийн тоглолтондоо Унгар, Бразиличуудыг илүүрхэн хожиж  шуугиан тарьж байжээ.
  • Аргентин-Английн хооронд болсон шөвгийн наймын тоглолтын үеэр Германы шүүгч Рудольф Крайтляйн Аргентины тоглогч Антонио Раттинаг талбайгаас хөөсөн ба үүнээс хойш 30 минутын дараа Англичуудын хийсэн цорын ганц гоол энэхүү тоглолтын хувь заяаг шийдсэн байдаг. Хожим нь Германы шүүгч муухай харсных нь төлөө   Антонио Раттинаг талбайгаас хөөснөө хүлээн зөвшөөрсөн ба Аргентинчууд энэ явдлыг ЗУУНЫ ЛУЙВАР el robo del siglo хэмээн нэрийджээ.
Энэ ДАШТ-ний шилдэг довтлогчоор Португалийн домогт хөлбөмбөгчин Эйсебио 9 гоол оруулсан амжилтаараа шалгарч байжээ.
 
Холбоотой мэдээлэл:

ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938  ДАШТ1950   ДАШT1954 ДАШТ1958  ДАШТ1962      ДАШТ1970  ДАШТ 1974  ДАШТ1978  ДАШТ1982  ДАШТ1986    ДАШТ1990   ДАШТ 1994   ДАШТ 1998  ДАШТ2002
С.Баярсайхан

Холбоотой мэдээ