Баруун аймгуудын эдийн засгийн стратегийг тодорхойлох судалгаа хийгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-06 21:13:08

Завхан/МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу Азийн хөгжлийн банкнаас “Баруун бүсэд нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн хүрээнд зах зээлийн багтаамж орц гарцын судалгааг Завхан аймагт хийж байна. 
Энэ төсөл нь Бүс нутаг болон улсын хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг  бий болгох тэргүүлэх саналыг дэмжин дотоодын үйлдвэрлэлийн чадавх дээр суурилсан бараа, бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн хэмжээг тодорхойлж аймгийн стратеги төлөвлөгөө боловсруулах зорилготой ажээ. Энэхүү төслийн судалгааны баг манай аймагт ажиллаж, статистикийн судалгааны материал цуглуулах 20 хүнийг сонгон авч, баг бүрдүүлэн хоёр хоногийн сургалтад хамруулан бэлтгэж,  судалгаагаа амжилттай авч дуусчээ. Сургалтад хамрагдсан баг судалгааг худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагаас болон айл өрх, хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс анкетийн болон ярилцлагын арга ашиглан авчээ. Ингээд “Баруун бүсэд нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн зохицуулагч, ахлагч Ш.Алтанбадралттай уулзаж тодрууллаа.
-Төслийн анхны мэдээллээс үзэхэд “Баруун бүсэд нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төсөл” маш үр дүнтэй төсөл юм гэсэн ойлголт төрлөө. Тэгэхлээр та төслөө дэлгэрэнгүй танилцуулаач манай уншигчдад?
-Энэ бол Монгол Улсын Засгийн газрын захиалгат төсөл юм. Тодруулбал Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн бодлогын баримт бичигт хэрэгтэй эдийн засгийн зөв үндэслэлтэй судалгаа, статистик мэдээлэл, зөвлөгөө өгөх төсөл юм. Төслийн нэгдүгээр үе шат бол зөвлөгөө мэдээлэл өгөх үе шат юм. Үүнээс үндэслээд бид Монгол Улсын Засгийн газарт бодлогын бичиг баримтууд боловсруулж өгнө. Энэ бодлогын бичиг баримт маань ирээдүйд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаж, тухайн бүс нутагт аймгуудад ямар чиглэлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлэх нь үр дүнтэйг тодорхойлох судалгааны ажил юм. Бүр тодруулбал Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу Азийн хөгжлийн банкнаас “Баруун бүсэд нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн хүрээнд зах зээлийн багтаамж орц, гарцын судалгааг хийх юм. Төсөл маань хоёр жилийн өмнөөс эхэлсэн энэ хугацаандаа баруун бүсийн аймгуудын бизнесийг эрхлэхэд “Өрсөлдөх чадварынх нь үнэлгээ”-г аймаг болгоноор нь гаргаж өгсөн. Өрсөлдөх чадвар гэдэг нь тухайн аймаг нь ямар төрлийн бизнесээрээ түлхүү давуу талтай хөгжүүлбэл ашиг орлого нь нэмэгдэх юм. Аль аймаг нь өөр бизнесээрээ илүү байх юм гэдгийг бид төслийн хүрээнд судлаад гаргаад өгсөн гэсэн үг юм. Хоёрдугаарт бид “бэлэн байдлын үнэлгээ” гэж гаргаж өгсөн мөн төслийн хүрээнд. Энэ нь тухайн бүс нутгийг хэрэгжүүлэх боломж бизнест тодорхойлогдсоны дараа тухайн бизнесийг цаашаа авч явахад тухайн аймгийн  нөхцөл байдал бэлэн үү? эсвэл  олон төрлийн бизнес эрхлэх нь чухал уу гээд маш нарийн үнэлгээг гаргасан байгаа. Ер нь аймгуудын өрсөлдөх чадварыг хооронд нь харьцуулж, өрсөлдөх чадварын чиг хандлагыг тодорхойлох нь тухайн аймгийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй эсвэл дээшлүүлж буй үзүүлэлтүүдийг тогтоож, өрсөлдөх чадварын давуу, сул талыг үнэлэх боломж олгож буй нь энэхүү судалгааны давуу тал юм. Ингэснээр ямар аймаг яагаад өрсөлдөх чадварын хувьд бусдаас сайн, эсвэл сул байгааг ойлгож мэдэх, тухайн аймаг давуу талаа хэрхэн ашиглаж болох, хөгжлийг хойш татаж буй сул талаа хэрхэн шийдвэрлэх шийдлийг олоход чухал эх үүсвэр болох юм. Аймгуудын өрсөлдөх чадварыг зөвхөн ДНБ-ий хэмжээ, ажилгүйдлийн түвшин төдийгөөр хэмжин харьцуулах боломжгүй байдаг. Учир нь тухайн аймгийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд эдийн засаг, улс төр, нийгмийн болон соёлын гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байдаг шүү дээ.
-Бэлэн байдлын үнэлгээ гэдэг нь?
-Мэдээж бид аймаг бүрээр нь тухайн аймгийн эдийн засгийн хүчин чадал тухайн аймагт байгаа компанийн хүчин чадал бас тухайн компанид  ажиллах хүчний боломж, технологийн чадвар гээд эдгээр бэлэн байдлыг нь дэлгэрүүлж судалгаа хийгээд дүгнэлт гаргаад Монгол Улсын Засгийн газарт хоёр дахь баримтаа боловсруулаад өгсөн байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аймгууд дээр тэргүүлэх бизнесийг шалгаруулаад нэг юм уу хоёр бизнесийнх нь төлөвлөгөөг нь аваад бизнес төлөвлөгөөг нь  боловсронгуй болгож өгсөн. Тэгэхээр бэлэн байдлын үнэлгээ гэдэг нь ямар чиглэлийн бизнес тухайн бүс нутагт хэрэгтэй вэ гэдгийг маш их тооцоо судалгаатай гаргаж өгсөн гэсэн үг юм. Эдийн засгийн тооцооллын хувьд арай нэг дутуу дулимаг хийгдсэн байгааг нь илүү сайжруулж нарийвчилсан тооцоо судалгаатай бизнес план олон улсын төвшинд шаардлагыг нь биелүүлж үндэслэл, хэрэгжих боломж зэргийг нь илүү нарийн судалж гаргаж өгсөн. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Учир нь маш нарийн тооцоо судалгаатай эрэлт хэрэгцээ, хүчин чадлыг үндэслэж бизнесийг өргөтгөнө, мөн эдийн засгийг сайжруулж болох зөв бодлогыг боловсруулж болох юм. Мөн экспортод гаргах бүтээгдэхүүний эдийн засгийн тооцоо судалгааг нь гаргаж өгсөн гээд ийм гурван үндсэн ажлыг төслийн зүгээс хийгээд байна. Цаашид аймгуудад стратегийн бодлогыг нь боловсруулж өгөх, судалгаа, статистик тооцоолол бүхий мэдээллээр хангах ажлыг хийж байна. Энэ бол мэдээж Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу Азийн хөгжлийн банкнаас “Баруун бүсэд нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төсөл” юм. Тэгэхээр бид төслийн хүрээндээ баруун таван аймгийн аль аймагт нь ямар бизнесийг нь түлхүү хөгжүүлбэл илүү боломжтой байна вэ гэдгийг нь нарийвчилж гаргаж өгөхөөр ажиллаж байна. Тиймээс тухайн аймгийн хэрэгцээг нь зөв тодорхойлж өгөх, хэрэгцээн дээр нь үндэслээд тухайн аймагт байгаа бизнесийн хөгжлийг нь үнэн бодит гаргаж өгөх судалгааг л хийж байгаа юм. Энэ судалгааг явуулахын тулд бид Завхан аймагт ажиллаж байна. Мэдээж бид төслийн багийн хүчин чадлаар энэ судалгааг авах бололцоогүй тэгэхээр тухайн аймагт ажиллаж амьдарч байгаа 20 орчим хүнийг сонгон шалгаруулж судалгааны ажилд оролцуулж байгаа.

-Сонгон шалгаруулалтаар ажиллаж буй иргэд маань ямар мэргэжлийн хүмүүс байгаа вэ? Эдгээр иргэд маань ер нь хэчнээн нэгжээс судалгааг авах вэ?

-Манай төслийн багтай хамтран ажиллах Завхан аймгийн сонгогдсон 20 хүн маань 50 орчим хувь нь багш, эдийн засагч, банк, санхүүгийн мэргэжилтэй, насны хувьд залуучууд байна. Эдгээр иргэдийг Завхан дахь МХАҮТ-ын шугамаар сонгон шалгаруулж авсан байгаа. Судалгааны багт ажиллах 20 иргэнийг бид хоёр өдрийн сургалтад хамруулж сургасан байгаа. Иргэд маань маш амжилттай судалгаа авсан байна. Завхан аймгийн тухайд 1100 орчим нэгж буюу хувиараа бизнес эрхлэгч хувь хүн, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, компани, айл өрхүүд судалгаанд оролцлоо. Энэхүү судалгаанд идэвхтэй оролцож төрөлх аймгийнхаа хөгжлийн чиглэлийг зөв тодорхойлоход хувь нэмрээ оруулсан иргэд, бизнес эрхлэгчиддээ талархал илэрхийлье. Мөн судалгаа, асуумж дээр хамтран ажилласан судалгааны багийн 20 ажилтандаа баярлалаа. Эдгээр иргэдийн маань цуглуулж ирсэн судалгаан дээр төслөөс статистик анализ хийгээд нэгдсэн бодлого, дэлгэрэнгүй судалгаа, тайланг аймагт гаргаж өгөх юм. Тухайлбал Завхан аймгийн иргэдийн хэрэглээг нь гаргаж өгөх учиртай. Ингэснээр бид бодит хэрэгцээ шаардлагын үнэн зөв мэдээллийг гаргаж ирэх бололцоотой юм. Энэ судалгааны бараг 50 орчим хувь нь өрх, хувь хүнээс авсан судалгаа байгаа. Өөрөөр хэлбэл хувь хүний хэрэглээ юу юм. Тэр хэрэглээгээ хаанаас хангадаг юм. Аймгаас хангадаг юм уу Улаанбаатараас хангадаг юм уу гээд бусад аймгаас авч байна уу. Хятад улсаас авч байна уу. Эсвэл ОХУ-аас хэрэгцээгээ хангаж байна уу. Хүнсний хэрэгцээ шаардлага нь юу юм гээд нарийвчлан гаргана гэсэн үг. Мөн аймагт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр аж ахуйн нэгжүүдээс зочид буудал, ресторан, тээвэр гээд тухайн жил бизнесийн хэчнээн төгрөгийн орлого зарлага хийсэн юм. Үүнийг нь тодорхойлоод нөгөөх хүний хэрэглээтэй нь хэр зэрэг нийцэж байгаа юм гээд анализ хийнэ. Энэ судалгаан дээр үндэслээд танай аймагт хөгжүүлэх шаардлагатай, эрэлт ихтэй байгаа тийм бизнес байна гэдгийг тодорхойлж гаргаж ирэх юм. Бусад баруун бүсийн аймгаас илүү энэ бизнесийг илүү түлхүү хөгжүүлбэл үр дүнтэй, хэрэгцээ нь байна гэсэн мэдээлэл гараад ирнэ. Эсвэл тэр болгон хөгжүүлэх хэрэггүй ийм бизнес байна. Харин үүнийхээ оронд үүнийг хөгжүүлбэл хэрэгцээ шаардлага нь эрэлт нь байна гэсэн судалгааг гаргаад ирэх юм. Танай аймагт хэрэггүй бизнес нь харин нөгөө аймгуудынхаа хэрэгцээг хангах бизнес болж болох юм гээд төслийн үр дүн олон бий.
-Ер нь манай аймагт ямар бизнес илүү хөгжих бололцоотой юм бол? Судлаач хүний хувьд урьдчилсан байдлаар олж харсан байх?
-Урьдчилсан байдлаар танай аймагт бол хөгжлийн гол тулгуур нь мал аж ахуй байгаа. Ер нь бүх аймагт мал аж ахуй байгаа. Гэхдээ хэдийгээр хөгжлийн тулгуур ч гэсэн хүний хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь ойлгомжтой юм. Яагаад гэхлээр бидэнд боловсруулах үйлдвэр гэж алга. Тэгвэл яагаад мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг цогцоор нь үйлдвэрлэх үйлдвэрийг хөгжүүлж болохгүй гэж. Бидэнд түүхий эд нь байна. Холоос тээвэрлэхгүй ашигтай гээд... Олон боломж бий.  Тухайлбал танайд арьс шир ноосыг нь боловсруулдаг үйлдвэр хэрэгтэй юм шиг. Энэхүү үйлдвэрлэлийг ямар бодлогоор хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр энэ төсөл маань туслах зорилготой. Төслийн нэр болох “Нэмүү өртөг”  шингээнэ гэдэг нь ердөө л эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй гадагш нь экспортод гаргах нь л зорилго юм. Завхан аймгийн тухайд баруун аймгуудаасаа илүү олон тооны малтай, хонин сүргийн тоо ихтэй, эрүүл, тэгээд бас байгаль орчны нөхцөл харьцангуй эрүүл байгаа. Яагаад гэхлээр магадгүй эрс тэс уур амьсгалтай учраас хөрсөөр дамждаг малын гаралтай өвчин гараагүй гэдгээрээ бусад аймгаас давуу байж болох юм. Тиймээс яагаад энд махны үйлдвэрийг бий болгож болохгүй гэж. Мал нядалгаатай, махны боловсруулах үйлдвэрийг илүү хөгжүүлэх нь эдийн засагт нь хэр үр дүнг авчрах вэ гэдэг дээр л тооцооллыг нь гаргаж өгөх, хэрэгцээг нь тодорхойлж өгөх судалгааг манай төсөл гаргаж өгч байгаа юм. Мөн танай аймаг модтой, маш олон аж ахуйн нэгж модон эдлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг нь бодлоготойгоор дэмжих, бусад баруун аймгууддаа нийлүүлэх энэ бизнесийн сүлжээ, эрэлт хэрэгцээг нь зөв тодорхойлж өгөхөд нь л дэмжлэг үзүүлэх судалгаа бол “Баруун бүсэд нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төсөл юм.
-Ер нь судалгаа хийлгэдэг боловч судалгааг цаашид үр дүнтэй ажил болгох нь чухал санагддаг?
-Тэгэлгүй яахав. Манай төслийн судалгааг Монгол Улсын Засгийн газар захиалгаар Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр маш үр дүнтэй хийж байна. Тиймээс энэхүү судалгааг ажил хэрэг болгох үүрэг нь мэдээж Монгол Улсын Засгийн газар, аймгуудын ЗДТГ-ууд мөн бизнесийн байгууллагууд юм. Эдгээр байгууллагууд нягт холбоотой үр дүнтэй хамтран ажиллаж судалгааг үр дүнтэй ажил хэрэг болгох нь үүрэг юм. Тухайлбал төр бодлогоор хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудаа хэрхэн дэмжиж хамтарч ажиллах вэ гэдгээ маш сайн төлөвлөх хэрэгтэй санагддаг. Тиймээс бид зургадугаар сард Завхан аймагт төр хувийн хэвшлийн зөвлөлтэй хэлэлцүүлэг хийхээр бэлтгэж байна. Цаашид судалгааны үр дүнг хэрхэн яаж хамтарч ажиллаж ажил хэрэг болгох вэ? гэдэг дээр хамтарч ажиллах талаараа ярилцана, хэлэлцүүлэг явуулна. Ер нь Монгол Улсын Засгийн газрын захиалгаар хийгдэж байгаа судалгааны ажил учраас үр дүнг чухалчлах нь аймаг бүрд бий. Төслийн зүгээс бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, стандартыг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, экспортод чиглэсэн ямар бизнесийг илүү хөгжүүлэх вэ гэхчлэн олон талын статистик судалгааг л гаргаж ирнэ. Ингэснээр экспортын баримжаатай бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн үнэ цэнийн сүлжээнд нэвтрэх, хамрагдахад бизнес эрхлэгчдийн чадамжийг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн чадамжийг бэхжүүлж улмаар тухайн аймаг, бүсийн эдийн засагт өндөр үр дүнг авчрах зорилготой юм.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ