Завханы нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс засал хийх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-13 00:47:10
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Нэгдсэн эмнэлэгт Францын Action mongolia ТББ-аас хэвлийн хөндийн OLYMPUS дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, Германы Carl Zeiss хагалгааны микроскоп, нүдний болрын мэс заслын иж бүрэн багаж, үзлэгийн таван төрлийн багаж, хагалгаанд хэрэглэгдэх нэг удаагийн хэрэгсэл, эм тариа, болор зэргийг бэлэглэжээ.
 
Энэ үеэр эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг гурван хүнд, цөсний хүүдий авах мэс заслыг гурван хүнд хийгээд байна. Мөн нүдний болор солих мэс заслыг 20 хүнд хийхээр төлөвлөжээ. Дээрх хагалгаанд орсон үйлчлүүлэгчийн биеийн байдал сайн байна.
Дашрамд дуулгахад Францын Action mongolia ТББ-ын дэмжлэгээр Завханы Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Э.Түдэв өнгөрсөн жил Франц улсад нэг сарын дурангийн мэс заслын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж ирсэн байна. Энэ хугацаанд тус Нэгдсэн эмнэлэг нь шинэ тоног төхөөрөмж хүлээн авах бэлтгэлийг хангаж  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 140 сая төгрөгийн их засварыг мэс заслын тасагтаа хийж, дурангийн мэс заслын чиглэлээр хоёр сувилагч, нэг ариутгагчийг дотооддоо сургаж хүний нөөцөө бүрдүүлсэн байна. Мөн нэмж нэг их эмчийг эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслаар бэлтгэж ирэх долдугаар сард төгсөх гэж байгаа тухай Завханы Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа мэдээллээ.
 
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ