Эдийн засгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт чухал үүрэгтэйг онцолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-06-15 11:13:00
ХАВАНА. /Синьхуа/. "Эдийн засгийн хөгжлийг дэмжих хамгийн өгөөжтэй хувилбар нь гадаадын хөрөнгө оруулалт юм" гэж Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел  пүрэв гарагт тус улсад болсон гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн засгийн газрын хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүгнэх хийгээд Карибын тэнгисийн орнуудын эдийн засгийн өсөлтийг түргэсгэх арга хэмжээний тухай хэлэлцэх хуралдаан дээр онцлон тэмдэглэжээ.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, М.Диаз-Канелын даргалан явуулсан уг хуралдаанд гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж бүхий төрийн агентлагуудын дарга нар оролцсон аж. Түүнчлэн Кубын ерөнхийлөгч эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд экспортыг төрөлжүүлэхийг уриалсан байна.

Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны сайд Родриго Мальмиеркагийн мэдээлснээр, Куба улсад тогтвортой өсөлтийг бий болгоход жилд 2.5 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Куба улсад шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалт нь зөвхөн хөрөнгө мөнгөнөөс гадна тус улсын үйлдвэрлэлийн хуучирсан дэд бүтцэд нэн хэрэгцээтэй байгаа шинэ туршлага, өндөр технологийн хэлбэртэй байж болох ажээ.
Э.Хулан

 
Холбоотой мэдээ