Х.Баделхан: Улаанбаатар хотын төв хэсэгт газрын суурь үнэ 2-3 дахин өссөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-21 17:16:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг Засгийн газраас шинэчлэн тогтоогоод байна. 1996 оноос хойш шинэчлэгдээгүй байсан үнэлгээ төлбөр хэрхэн тогтоогдсон талаар УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодрууллаа.

-Газрын үнэлгээний бүс, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг хэрхэн тогтоосон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

-Монгол Улс 21 жилийн дараа газрын суурь үнийг шинэчлэн баталлаа. 1997 онд баталсан газрын суурь үнийг 21 жил мөрдсөж ирсэн. Газрын тухай хууль, Газрын хувьчлалын тухай хуулийг батлан гаргасан. 1996 оноос хойш мөрдсөн хууль нь Монгол Улсын газар нутгийг хангайн уулархаг бүс, алтайн уулархаг бүс, хээр талын бүс, талын бүс гэж дөрөв хуваасан байсан. Тариалан, бэлчээр, хадлан гэсэн гурван чиглэлээр үнэлгээ тогтоогоод мөрдөж ирсэн. Улаанбаатар хотын хувьд ганцхан үнэлгээ тогтоосон байсан нь 440 сая төгрөг гэсэн үнэлгээтэй байсан. Энэ үнэлгээг өөрчлөх шаардлагатай болсон учраас Засгийн газраас шийдвэр гаргалаа. Ингэхдээ хөдөө аж ахуйн бүсийг 31 бүсэд хувааж, үнэлгээ тогтоосон. Улаанбаатар хотыг 16 бүсэд хувааж, 17 зорилгоор газрын үнэлгээг тогтоосон. Тухайлбал, улсын төсвийн байгууллага газар авбал нэг үнэ, барилга, орон сууц барих зориулалтаар авахаар бол өөр үнэтэй байх юм.

-Суурь үнийг хэдэн жилд яаж өөрчлөх вэ?

-Хөдөө аж ахуйн зориулалттай газрын үнийг 7 жилд 1 удаа өөрчилнө. Улаанбаатарын газрыг 2 жилд нэг удаа өөрчлөх журам оруулсан. Үр шим багатай газрын үнэ өмнөхөөсөө 2-3 дахин буурсан. Улаанбаатар хотын дэд бүтэц сайтай газруудын үнэ 2 дахин нэмэгдсэн.

-Энэ шийдвэр иргэнд ямар нэгэн байдлаар дарамт учруулах эрсдэлтэй юу?

-Иргэнд төлбөрийн дарамт байхгүй. Харин бизнесийн зориулалтаар ашиглахад зориулж суурь үнийг тогтоож байгаа.

-Гадны иргэнд газар өмчлүүлэх нь гэх шүүмжлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Гадаадын иргэнд газар өмчлүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Гадны иргэн зөвхөн газар ашиглаж болно. Саяхан Замын-Үүдэд БНХАУ-д 2 га газар 70 жилийн хугацаатай ашиглуулахаар болсон. Өмчлүүлнэ гэх ойлголт байхгүй юм.



-Сургууль, цэцэрлэг барихын тулд газраа чөлөөлж буй айлын газрыг хэдэн төгрөгөөр тооцож авах вэ?

-Төсвийн байгууллага сургууль, цэцэрлэг барина гэвэл үнэ багатай. Улаанбаатар хотод төсвийн байгууллага зөвхөн албан хэрэгцээндээ газар авна гэвэл 1 га нь 23600 төгрөг, хамгийн өндөр нь арьс ширний үйлдвэр барина гэвэл 1 га нь 1.4 сая төгрөгийн үнэтэй. Энэ хооронд үнэ хэлбэлзэнэ. Энэ бол суурь үнэ. Уг үнийг хэлэлцээд нийслэлээс суурь үнийг тогтоож болно. Дуудлага худалдаа явуулаад ч шийдэж болно. Улаанбаатарын хувьд дэд бүтцэд холбогдсон, үйлчилгээндээ ойр газрын үнэ өндөр байна.

-Энэ үнэлгээ хэзээнээс мөрдөгдөх вэ?
-Засгийн газрын тогтоол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тогтоол хэрэгжсэнээр газар жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэд орно. Газрын суурь үнийг тогтоохдоо орон нутгаас судалгаа авч, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр тогтоосон. Зарим газарт газрын суурь үнэ хоёр дахин буурсан бол Улаанбаатар хотын төв хэсэгт 2-3 дахин өссөн.



Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ