ГИХГ-ын удирдах албан тушаалтан, хяналтын улсын байцаагчид туршлага солилцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2018-06-21 19:50:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газрын удирдах албан тушаалтнууд, хяналтын улсын байцаагчдын туршлага солилцох сургалт, зөвлөгөөн Дорнод аймагт боллоо.

Сургалт, зөвлөгөөнийг НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэг туслалцаатайгаар хамтран зохион байгуулсан бөгөөд улсын 20 гаруй боомт, орон нутгаас 70 орчим мэргэжлийн албан хаагч, албан тушаалтнууд болон хяналтын улсын байцаагчид  оролцжээ. 

“Хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрээр хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд болсон сургалтын үйл ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн нээж, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын төлөөлөгч Р.Оюунбилэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Баяраа, Хуульч-судлаач багш Д.Инжиннаш нар оролцсон байна.

Энэ үеэр цагдаагийн алба болон хууль сахиулах албадтай хамтран шалгалт явуулах бодлого, хяналт шалгалт явуулахдаа виз болон бусад зөвшөөрлийг хянан үзэх бодлого, техник, технологийн шинэчлэл, тэдгээрийг хэрэглэх бодлого, Хүн худалдаалахтай холбоотой үндсэн асуудлууд, хохирогч болохыг тогтоох үзүүлэлт, хөдөлмөрийн харилцаа шалгах эрх зүйн үндэслэл арга зүй, хохирогчийг хамгаалах үйлчилгээ, хувийн мэдээллийг хамгаалах зэрэг сэдвийг хэлэлцжээ. 

Монгол Улсад хилийн 20 гаруй боомт байдаг бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газар харьяа 6 газар, 3 хэлтэстэйгээр хилийн боомтуудад гадаадын иргэдэд виз, визийн зөвшөөрөл олгох, хяналт шалгалт явуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм. 
Н.Туяа
Холбоотой мэдээ