Жаргалант сум хүүхдийн зуны сувилал ажиллуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-28 08:52:22
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГазар, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран  0-3 насны хүүхдүүдийг  чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, зуны  сувилал арга хэмжээг зохион байгуулж байна.
Бага насны хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэн эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхэд хүүхдээ асрах эрүүл зан үйлд сургах зорилгоор бага насны хүүхдийн чийрэгжүүлэлтийн сувиллыг энэ сарын 25-наас Буянт голын эрэг дагуу ногоон зүлгэн дээр гэр барин ажиллуулж эхэлжээ.
Ингэхдээ Жаргалант сумын Рашаант, Буянт багийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар багийнхаа хүүхдүүдийн дунд судалгаа явуулж, сульдаатай, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдийн хүүхдүүдийг зуны сувилалд хамруулж байна. Сувилалд дунджаар нэг өрхийн эрүүл мэндийн төв 30-35 хүүхэд хамруулж байна.
Эцэг, эхчүүд, асран хамгаалагч нар хүүхдүүдээ сувилагч нартай хамтран нарны илчинд шар сүүгээр угаах, тараг, сүүгээр хооллох, эрүүл амьдрах амьдралын энгийн хэвшлүүдийг гардан хийж  байна.
Мөн сувиллын эмч арга зүйч нар хүүхдийг хүлээн авч анхны үзлэг, хэмжилтүүдийг хийж, жинг тодорхойлж, хүүхдийн хооллолт, асаргаа сувилгаа, наршилт, гэдэсний халдвараас сэргийлэх, сульдаа, хөхөөр хооллолт, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн ач холбогдол зэрэг сэдвээр сургалт сурталчилгаа явуулж байна.

А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ