“Статистикийн арга зүйн гарын авлага” нь мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай болоход сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
183@montsame.mn
2018-06-29 14:10:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЕБС-ийн багш нарт зориулсан “Статистикийн арга зүйн гарын авлага” номын нээлт өнөөдөр БСШУСЯ-нд  боллоо.

ЕБС-ийн 1-11 дүгээр ангийн математикийн сургалтын цөм хөтөлбөрийн статистикийн хичээлийн агуулгыг сайжруулж, сурагчдын математик, статистикийн мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилгоор БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нарын хамтарсан тушаалын дагуу боловсруулсан “Статистикийн арга зүйн гарын авлага”-ыг Боловсролын хүрээлэн, Үндэсний статистикийн хороо хамтран боловсруулсан бөгөөд сурагч тухайн суралцахуйн зорилтод хүрэхийн тулд ажиллах жишээ даалгавар, багш нь сурагчдыг хэрхэн чиглүүлэх заавар, сургалтад хэрэглэх сургалтын материал, бие дааж бодох бодлого, явцын үнэлгээ, нэмэлт бодлого гэсэн бүтэцтэй юм.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хэлэхдээ "Статистикийн боловсролыг эзэмшснээр ирээдүйд хүүхдүүд онол арга зүйн системтэй мэдлэгийг олж авах, мэдээлэлд тоон судалгаа шинжилгээ хийх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай болох юм. Улсын 798 ЕБС-д 8000 ширхэг гарын авлагыг  үнэ төлбөргүй тарааж, Үндэсний статистикийн хорооны 1212 сайтад нээлттэй байршуулна. Мөн хүүхэд багачуудын мэдлэг оюунд хөрөнгө оруулж, тус гарын авлагыг санхүүжүүлсэн Дэлхийн банкны “Статистикийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье" гэв. 

Энэхүү номын ажлын хэсэгт Боловсролын хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд, багш нарын төлөөлөл багтаж ажиллажээ.
Б.Содгэрэл

Холбоотой мэдээ