Үндэсний хэв маягтаа нийцсэн хөгжлийн бодлогоо тодорхойлох ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-06 13:37:18

Монгол Улсын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэх гарцыг тодорхойлж, хэрэгжүүлэх, эрүүл, аюулгүй нийгмийг хөгжүүлэх зорилго бүхий “Нэг Монгол” ТББ өнөөдөр "Нэг нас" хүрлээ.

Нэг жилийн ойгоо тохиолдуулан тус байгуулгаас өнөөдөр ГХЯ-наас “Нэг Монгол Нэг Зүгт” эрдэм, шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.

Монгол Улсын Үндсэн хуулиас эхлээд олон зүйлийг бусад орноос хуулбарласан нь үндэсний хэв маягаа эвдэж байгаа тухай Г.Занданшатар тэргүүн эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ дурьдав.

Тэрбээр, “Гадаадаас олон зүйл хуулбарлаж байгаа учраас Монгол Улс Америк загвараар хөгжиж байгаа ч юм шиг, эсхүл ОХУ, БНХАУ-ын хэв маягтай ч юм шиг харагдаж байна. Өнөөдрийн хурлаар Монгол Улс хөгжлийн урт хугацааны бодлогын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Олон улсын хэв маягийг даган дуурайснаас болж Монгол Улс аль замаар, хэрхэн хөгжих вэ гэдэг нь тодорхойгүй болжээ.Тиймээс бид Монгол Улсын үндэсний хэв маягтаа нийцсэн, урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох шаардлагатай. Манай улс жагсаал цуглаан, ажил хаялтаар хөгжихгүй. Харин сэтгэгч нараа цуглуулан мэтгэлцээний зарчмаар хөгжлийн бодлогоо тодорхойлдог байх ёстой” гэв.

“Нэг Монгол” ТББ-аас өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Зөвлөлдөх ардчилал- Хөгжлийн гарц”, “Үндсэн хууль ба Зөвлөлдөх Арчилал”, “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” зэрэг номыг хэвлэн гаргажээ. Түүнчлэн 30 гаруй удаа нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудын гарц, шийдлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал, мэтгэлцээн, хэлэлцүүлэг зохион байгуулж, гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд хүргэжээ. Түүнчлэн тус байгууллага хүрээгээ тэлж, нийслэл, орон нутагт төдийгүй хилийн чанадад ч өөрийн салбараа нээсэн тухай тус байгууллагын удирдлагууд хэллээ.

Өнөөдрийн эрдэм, шинжилгээний бага хуралд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, С.Ганбаатар, Р.Амаржаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ