Хүний амийг аврахын тулд дата мэдээлэл ашиглах нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
erdenechimeg@montsame.mn
2018-07-04 10:29:06
Номхон далайг тойрсон Галын цагирга нь Ази тив, Номхон далайн улс орнуудад нүүрлэж буй томоохон аюул занал юм. Энэ нь газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтийг үүсгэдэгээрээ алдартай. 2004 онд Суматра арлын баруун эрэгт голомттой 9.1-9.4 баллын хүчтэй томоохон газар хөдлөлт болж хойно хойноосоо дэгдсэн цунами давалгаа үүсгэснээр хэдэн зуун мянган хүний амийг авч одсон билээ. 
 
Индонезийн Ачех хот байгалийн эл үзэгдлийн хамгийн хүнд цохилтод өртсөн ба тэнд 150000 гаруй хүний амь үрэгджээ. Индонези нь газар хөдлөлтөд хамгийн өртөмтгий орны нэг боловч Ази, Номхон далайн бүс нутаг тэр чигээрээ гамшигт нэрвэгдэх аюултай бүсэд тооцогддог. Нэгдсэн Үндэстний Байгууллагын статистик мэдээллийг харвал 1970 оноос хойш уг бүс нутагт байгалийн гамшигт үзэгдлүүдээс болж хоёр сая гаруй буюу жилдээ дунджаар 43000 хүн  амиа алдсан гэсэн тоо байна.
 
Гэхдээ гамшгийн эрсдлийг тооцоолох тоо мэдээллийг сайтар ашиглаж чадваас байгалийн гамшигт өртөж амиа алдах хүний тоог эрс бууруулах бололцоо бий. 
 
Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд байгаль орчны доройтол, төлөвлөлтгүй хөгжил, хотжих үйл явц хурдан газар авч байгаа нь хүн амын эмзэг байдлыг нэмэгдүүлсээр байна. Эдгээр хүчин зүйлсээс болж жил болгон улам олон хүн гамшигт нэрвэгдэн, амь насаа алдаж, эдийн засгийн томоохон хохирол учирсаар байна.
 
Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай цаг агаарын онцгой үзэгдлүүд нь хүн амын ядуу эмзэг бүлгүүдэд хамгийн их хохирол учруулдгаас гадна хамгийн буурай хөгжилтэй орнууд үүнд бусдаас ихээр өрттөг юм.
 
Хэрэв бид хүний амийг аварч, эдийн засагт асар их хохирол учрахаас сэргийлье гэвэл нийгмийн, мөн хүн амын хамгийн эмзэг бүлгүүдийг тодорхойлох нь нэн чухал. Энэ ажлыг хийхэд дата мэдээлэл хэрэгтэй. Ази Номхон Далайн хүн ам, нийгмийн хамгийн эмзэг бүлгүүдийн мэдээллийг цуглуулснаар  "эрсдлийн тухай мэдээлэл бүхий хөгжил"-ийн замаар замнах бололцоотой болно. Тухайлбал, хэр зэрэг хүчтэй үер буухыг тооцоолох аргаар зам ба бусад дэд бүтцийг барьж байгуулах. Иймэрхүү тооцоо, дүн шинжилгээ хийснээр урт удаан хугацаагаар ашиглаж болохуйц бат бөх зам барихад шаардлагатай материалуудын төрлийг тодорхойлохоос гадна, үерт өртөхгүй, үерийн үед ашиглагдахуйц байхын тулд замыг ямар өндөрлөгт баривал зохистойг томьёолж гаргах боломжтой. 
 
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ долоо хоногт болох Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үеэр бүс нутгийн улс орны төлөөлөгчид гамшигт бэлэн байх, гамшгийн эрсдлийг бууруулах арга замуудыг хэлэлцэхдээ технологийн үүрэг ролийг тусгайлан онцлох юм.  Үүнд, хүн амыг аврах, дэлхийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахад “биг дата” буюу том хэмжээний өгөгдөл мэдээлэллийг ашиглах тухай хэлэлцэх аж.  
 
Индонези, Шри-Ланка зэрэг бүсийн хэд хэдэн улс орон гамшгийн талаарх мэдээллийг олон жилийн турш    цуглуулж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд эдгээр улс оронд учирсан байгалийн гамшигт  явдлууд, үүний улмаас учирсан алдагдал, хохирлыг баримтжуулдаг мэдээллийн сангуудтай боллоо. Мэдээллийн санд гамшгийн төрөл, хамгийн олон хүн нас барсан газар нутгууд, гамшигт үзэгдэл болсон он, сар, өдөр, цаг хугацаа, мөн газарзүйн байршлын мэдээлэл багтдаг бөгөөд газарзүйн байршлын мэдээллийг аймаг, дүүргээс авахуулаад, баг,тосгоны хэмжээнд гаргадаг аж. Ийнхүү нарийвчлан гаргасан мэдээлэл нь аль газар нутаг өртөх магадлал өндөр байгаа ба гамшгийн нөлөөлөл ямар хэмжээтэй байхыг тооцоолон гаргахад албаныханд нэмэр болдог байна. Хэд хэдэн улс орон гамшгийн мэдээллийн сантай хэдий ч эдгээрийн аль нь ч бүс нутгийн загвар, чиг хандлагын дүн шинжилгээг илүү нарийвчлан хийх боломж бүхий мэдээлэл цуглуулдаггүй. Гэтэл Баруун Суматрын газар хөдлөлт нь арав гаруй улс оронд асар их нөлөө үзүүлсэн байдаг.
 
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) нь түнш байгууллагуудтай хамтран ажиллаж одоогоор 16 улс оронд Гамшгийн хохирол,алдагдлын үндэсний сангуудыг бий болгоод байна. Эдгээр мэдээллийн сангийн зарим нь хэдэн арван жилийн туршид цуглуулсан бусдаас илүү цогц дата мэдээлэлтэй байдгаараа онцлог. Хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд төсвийн санхүүжилтийг төлөвлөх, төсөвлөхөд ийм цогц мэдээлэлтэй сангууд хэрэг болдог. Мөн эдгээр мэдээллийн сан нь гамшгийн эрсдлийг бууруулахад хаана нөөц дутаж байгааг олж тодорхойлох, нөөцийн хуваарилалтын тухайд зөвлөмж гаргахад тус болж байна. Тухайлбал, засгийн газрууд үерийн эрсдлийн талаархи мэдээллийг авч, хянасны үндсэн дээр үерт тэсвэртэй зам барих боломжтой. Ийм мэдээлэл байвал тэд илүү сайн зам барихын тулд зохих санхүүжилтийг гаргах бололцоотой болно.
 
Бүс нутгийн гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулахын тулд 2015 онд НҮБХХ нь Тохокүгийн их сургууль, Японы мэдээлэл харилцааны технологийн Фүжицү компанитай түншлэн Гамшгийн статистикийн дэлхийн төвийг байгуулаад байна. Төвийн зорилго нь Сендайн хүрээний томоохон зорилтуудыг биелүүлэхийн тулд “биг дата” цуглуулж, боловсруулснаар гамшгийн эрсдлийг бууруулах юм. Фүжицү-гийн үүлэнд сууриласан экосистем нь янз бүрийн эх сурвалжаас авсан өгөгдлийг агуулдаг. Үүнд, сошиал буюу нийгмийн мэдээллийн хэрэгсэл, өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын зураглал, дрон гэх мэт бүтэцтэй мөн бүтэцгүй эх сурвалжуудаас авсан мэдээлэл ордог. Гамшгийн тухай мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх, гамшгийн үр дагаврын талаар бодлого боловсруулагчдад мэдээлэл өгөхийг Тохокү их сургуулийн адил мэргэжлийн техникийн институтууд хариуцах шаардлагатай. Мөн тэдгээрийн хариуцах ажилд нөхөн сэргээх үйл ажиллагааг хянахад туслах, эрт зарлан мэдээлж байхыг онцлох, гамшигт хэр тэсвэртэй байгааг үнэлэх, хүн амын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа орно.
 
“Биг дата” нь эдийн засгийн салбарууд хоорондоо хэрхэн уялдаатай байгааг илүү гүнзгий ойлгоход тус болдог. Тухайлбал, цагаан будааны ургац гамшигт өртөн устах нь нөлөөллийн гинжин урвал дагуулдаг ба зам тээвэр, будааны худалдаачид, савлагчид, супермаркет дэлгүүрүүд, зоогийн газрууд, зоогийн газрын үйлчлэгчид гээд хэд хэдэн үйлдвэрлэл, үйлчилгээнд нөлөөлдөг. Нэмүү өртгийн гинжин хэлхээнд сууриласан эдийн засгийн хамгийн эцсийн бөгөөд хамгийн сул холбоос болох хамгийн ядуу эмзэг иргэдийн амьжиргаанд үзүүлэх нөлөөлөл хамгийн мэдэгдэхүйц байдаг. 
 
Глобал мэдээллийн сан нь гамшиг хаана гарах, ямар эрч хүчтэй байх, хэр их сүйрэл дагуулах магадлалтайг тооцоолж, улс орнуудад мэдээлснээр гамшгийн сөрөг үр дагаврыг устгах зорилготой юм. Ийм үнэ цэнэтэй мэдээллээр хангагдсанаар  засгийн газрууд эрт зарлан мэдээллэх тогтолцоог ашиглах, дасгал сургуулилалт хийх, тэсвэртэй дэд бүтэц барьж байгуулах замаар гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой. Үүнд харин хамгийн чухал дата өгөгдөл бол хэдэн хүний амь аврагдсан бэ гэсэн мэдээлэл юм. 
Хаолиан Шу
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Нэгдсэн Үндэстний Байгууллагын  Хөгжлийн Хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн захирал/
 

Холбоотой мэдээ