Морины хүүхэд хүүхдийн байгууллага даатгалын компани

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2018-07-09 15:06:19
“Аав минь унаган морио уяж, хүүгээрээ унуулаад сайхан нааддаг байждээ” гэж Батлах хамгаалахын дэд сайд, улсын баяр наадмын хурдан морины комиссийн даргаар олон жил ажилласан  генерал Баасанхүү ярьсан байж билээ. Тэр эрхэм өөрийнхөө хүүхэд байх үеийн наадмын гэгээн өдрүүдийг дурсан ярьж байгаа нь тэр байх аа.

Ер нь улсын наадмаас илүүтэй сумын наадмыг ном зохиолд олонтаа дурсаж, дүрслэн үзүүлсэн байдаг. Сумын наадам  хаашаа ч харсан таньдаг хүн, уулзаж байгаа хүмүүс хэний морь түрүүлэв гэж асуухаасаа өмнө “хүүхэд, морь эсэн мэнд сайхан наадаж байна уу” гэж мэндэлдэг уламжлалтай. Энэ нь аавынхаа, ээжийнхээ элбэг дээл шиг сүүдэрт яваа бага насны хүүхдүүдэд бусдаас илүү сонин содон үлдэж хожим нь гэгээн дурсамж болон мөнхөрч байгаа нь тэр болов уу.

Улсын наадамд газар газрын хурд, олон хүн цугларсан,  айжуу тайван мэндлэхээсээ илүүтэй төөрч будлих вий гэсэн болгоомжлол хүн бүхэнд байгаа нь ажиглагддаг. Энэ нь олон хөлийн газар хотын хаяанд болдогтой нь холбоотой биз. Түүнээс гадна хурдан морь өндөр үнээр худалдаж авдаг сайн уяач, морины хүүхэд хөлсөлдөг  хотын уяачид бий болоод уджээ. Монгол наадам уяачдын  дунд  суурин амьдралыг даган гарч ирсэн өөрчлөлтүүдийн   амин сүнс нь энэ  гэж одоогийн байдлаар  үзэж болно. Хотын хүн гэж юу байх вэ, хотын хүн гэдэг бол малаасаа хөндийрсөн монголчуудын үр сад л даа. Суурин амьдрал нүүдэлчдийн амьдралд орж ирсэнээр гарч байгаа шинэ үзэгдэл. Монгол наадам дээр тогтож байгаа их хотын сүүдэрч гэж үүнийг хэлж болно.

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар  унаач хүүхдүүдийн (унаач хүүхэд гэж юу байх вэ дэ морины хүүхэд гэсэн монгол үгийг жигшүүлэх гэсэн бохир хэллэг) цахим бүртгэлийн системийг нэвтрүүлсэн гэнэ.  Энэ систем нь хүүхдийн гэрийн хаяг, сургууль, анги, уралдаанд оролцсон амжилт, бэртэл, гэмтэл болон уяачдын мэдээллийг давхар бүртгэдэг. Уг системд өнгөрсөн онд 1500 хүүхэд бүртгүүлсний 70 хувь нь хөлсөөр морь унадаг гэсэн судалгаа гарсан аж. Мөн энэ жил морины  хүүхдийн хамгаалалтын хувцасны стандартыг шинэчилсэн бөгөөд 110 мянган төгрөгөөр борлуулахаар төлөвлөжээ.

Бүртгэлтэй морины хүүхдүүдийн 30 хувь нь өөрийнхөө морийг унадаг байх нь. Тэгвэл унаган морио хүүгээрээ унуулаад сайхан наадаж байгаа аав нар наадамчдын дунд байсаар байгаа юм  байна. Тэдэнд баяр хүргэе. Гэхдээ бусдын хүүхдээр ажнай хурдан хүлгээ унуулж байгаа эрчүүд бас ч гэж тэр болгон хүүхдийн байгууллагынханы хэлээд байгаа шиг дандаа жудаггүй загнаагүй байлгүй. Нэг үхрийн эвэр доригвол мянган үхрийн эвэр доргино гэж үг бий. Монгол наадмын хатавчинд гарсан ганц нэг золгүй үзэгдлийг наадам бүхний хойморт гарч байгаа мэтээр харуулах гэж үндэсний өв соёл руу дайрагсад бас байна. Тэднийг араас нь хөөрөгдөж байгаа тодорхой бүлэглэл бий гэсэн хардалт нийгэмд үүсчээ.
 
Наадам тойрсон энэ жилийн ярианы сэдэв нь 100 мянган төгрөгөөр морины хүүхдийг толгой дараалан даатгуулахыг шаардсан хүүхдийн байгууллагын төлөөллийн шаардлага байв. Шаардлагыг дагаад янз бүрийн байр суурь гарч ирэх нь зүйн хэрэг. Түүнээс аль нь нийтэд хүртээлтэй хийгээд, ажлыг зөв голдиролд нь оруулах вэ гэдэг нь чухал  Энэ үүднээс тэдгээрээс ганцхан морины хүүхдийн даатгал тойрсон байр суурийг авч үзье. Ийм шаардлага гаргаж ирэгсэд дэвшүүлсэн санаагаа хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байна. Тэгвэл хуульч Р. Мөнхзул “ Хэт өндөр даатгал хүүүхдийн амь насыг хамгаалах гол нөхцөл биш. Даатгал бол цаасан дээр хийгддэг гэрээ. Харин орчин нөхцөлийг илүү сайжруулах хэрэгтэй. Монгол наадмыг орчин цагтай уялдуулж илүү боловсронгуй болгох хэрэгтэй байгаа юм. Нэг үеийг бодвол ил тод мэдээлэгдэж, тэр дагуу  авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ их бий, нөхцөл байдал сайжирч байгаа  гэж байр суурь илэрхийлэв.

Уяачид даатгалыг ямар нэг нэгдсэн байрь сууриар эсэргүүцсэнгүй. Гэхдээ дэмжихгүй байгаа нь илт шүү дээ. Үйл явдлын эргэн тойрон,талуудын байр суурийг харахад морины хүүхдийг, хүүхдийн байгууллага хоргоож, даатгалын компани уяачдад бүтээгдэхүүнээ шахах гэсэн гурвалжин үүсчээ.  Энэ сэдэв газар их авах юм бол  Монгол наадам тоглоом тойргоос  гарч монголчууд мориноосоо буух замруу орох магадлал өндөр болно.

Монгол хүнийг мориноос нь буулгахгүй байх, Монгол наадмыг өв соёлынх нь хувьд авч үлдэхийн тулд эхлээд морины хүүхдийн даатгал сайн дурынх байх ёстой гэж Хэнтий аймгийн Галшар сумын уугуул уяач Н. Санжаадорж хэлж байна. Түүний байр суурийг нийтээр хэлэлцвэл яасан юм бэ хэмээн иргэдээс асуух гэсэн юм. Гэвч наадам тулчихлаа.                                                                                             
                                                                                                                                                         Г. Эрдэнэбат
 
 

Холбоотой мэдээ