УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь буруу хэмээн иргэд хариулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-07 16:14:10

Иргэдээс авсан судалгаагаар Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх нь зөв гэж 72 хувь нь, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард түмнээсээ асуух нь зөв гэж 80 хувь нь дэмжсэн бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг 79 хувь нь буруу гэж хариулжээ.

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын мэдээллийг сонсов. Мөн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэсэн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар 2000 орчим иргэнийг хамруулан судалгаа явуулсан талаар танилцуулав. Судалгаанд оролцсон иргэдийн 72 хувь нь Үндсэн хуулийн зарим зүйлийг өөрчлөх нь зөв, 80 хувь нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард түмнээсээ асуух нь зөв, 91.8 хувь нь Сумын засаг даргыг улс төрийн намууд бус иргэдийн дундаас нэр дэвшүүлж сумын нийт иргэдийн саналаар сонгодог болох, Аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд сонгох биш аймгийн хурлын төлөөлөгчид сонгодог байх нь зөв гэж үзжээ. 

Үүнээс гадна Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүдийн 25 хувь нь гарын үсэг зурж огцруулах асуудлыг хэлэлцдэг одоогийн тогтолцоог халж, 51 хувь болгон өөрчлөн Засгийн газрыг тогтвортой байдлыг хангах нь зөв гэж 71 хувь нь үзжээ. Засгийн газрын гишүүнийг УИХ томилж чөлөөлдгийг өөрчилж, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж чөлөөлдөг болохыг, УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг цөөлөх, сонгуулийг таван жилд нэг удаа хийх зэрэг асуудлыг судалгаанд оролцогчдын дийлэнх дэмжжээ. Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв үү, буруу юу гэдэгт иргэдийн 79 хувь нь буруу гэж үзсэн байна.

Судалгаанаас гарсан дүгнэлтийг үндэслэн 2016 онд УИХ-ын сонгууль явуулахдаа саналын хуудсан дээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдээ нэг бүрчлэн бичиж, ард иргэдээс санал асуух нь зүйтэй гэж үзжээ.

Баруун аймгуудад шатахууны үнэ 230-270 төгрөгөөр буусан

Мөн тус бүлгийн гишүүн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа сурталчилж, иргэдэд таниулах нь зөв гэж үзсэн байна. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж “2012 оноос хойш АН ямар их бүтээн байгуулалт, өөрчлөлт хийснийг иргэд мэдэж байгаа. Баруун аймгуудад бензиний үнэ 230-270 төгрөгөөр, зүүн аймгуудад 130-160 төгрөгөөр буурсан. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч буурч байгаа. 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар гарсныхаа дараа нефтийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч эхэлсний үр дүн одоо гарч байна.

Монголын зүүн талаас баруун тал хүртэлх замын хэмжээнээс илүү гарсан хар замыг энэ гурван жилд хийсэн. Одоо хар зам Солонготын даваа давж байгаа. Цаашдаа баруун аймгуудыг холбоход ойрхон болсон.

Мөн Эдийн засгийн ил тод байдлын хууль хэрэгжснээр улсын төсөвт хоёр тэрбум орчим төгрөг орж ирсэн. Энэ хууль бүрэн хэрэгжихэд 3-4 их наяд төгрөгөөр тэлнэ Ерөнхий сайд мэдээлэлдээ хэлсэн” гэв.

Сонгуулийн хуулиар санал нэгдэхгүй бол Улс төрийн намын хуулиа эхлээд хэлэлцэнэ

АН-ын бүлгээс Сонгуулиудыг нэгтгэн нэгэн зэрэг явуулах, санал тоолох автомат машиныг ашиглах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Харин энэ талаар МАН-ын бүлэгтэй санал нэгдэхгүй байгаа бөгөөд хэрэв цаашид ч ойлголцолд хүрч чадахгүй бол Сонгуулийн хуулиасаа урьтаж Улс төрийн намуудын тухай хуулиа эхэлж хэлэлцэх хэрэгтэй гэж үзсэнээ өнөөдөр илэрхийлэв. Тус бүлгийн хувьд Улс төрийн намуудын тухай хуулийг дэмжиж, намууд хэт хөрөнгөжиж, олон тооны байртай байхыг эсэргүүцэж байгаа юм.

Мэдээлллийн дараа АН, ИЗНН-тай нэгдэх эсэх асуудлыг тодруулахад УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Албан ёсны нийлнэ, нийлэхгүй гэсэн мэдээлэл ирээгүй. Өнөөдөр бүлгийн хурлаар ийм асуудал яриагүй” гэж хариулав. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ