“Монголын зүрх Хэнтий” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 16:27:20

Хэнтий аймгийн Орон нутаг судлах музейд "Монголын Зүрх Хэнтий" гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Хэнтий аймгийн ИТХ, ЗДТГ хамтран 9 дүгээр сард Хан Хэнтий -2015 аялал зохион байгуулсан бөгөөд энэ аяллынхаа тайлан болгож “Монголын зүрх Хэнтий” хэмээх үзэсгэлэнгээр дамжуулан олон нийтэд сурталчилж байгаа юм.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар, ИТХ-ын дарга С.Пүрэвжав тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд оролцсон бөгөөд гэрэл зургаар дамжуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийллээ.

Үзэсгэлэнд Хэнтий аймгийн хойд бүсийн сумдуудын байгалийн үзэсгэлэнт, түүх дурсгалт газруудын гэрэл зургууд  нийт 50 гаруй бүтээл дэлгэгджээ.

Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь Хэнтий нутгийн байгалийн гайхамшиг, аж ахуйгаар дамжуулан олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх шинэ гарцыг эрэлхийлэхэд оршиж байгаа аж.

Тус үзэсгэлэн нь өнгөрсөн сарын 24-нөөс 30-ны хооронд Улаанбаатар хотноо Blue Moon Art gallery-д дэлгэгдэж Хэнтий нутгийн үзэсгэлэн төгөлдөр байгалийг нийслэлчүүдэд сурталчилжээ.

 Үзэсгэлэн өнөөдрийн 18 цаг хүртэл иргэдэд нээлттэй байх аж.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ