“Супер Студент” зорилтот хөтөлбөр Хэнтий аймгаас эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ"Супер студент” зорилтот хөтөлбөрийг Монгол орон даяар хэрэгжүүлэх ажлыг Хэнтий аймгаас эхлүүлж төсөлд ЕБС-ийн ахлах ангийн 700 гаруй 287 сурагч оролцов.
Энэхүү хөтөлбөрийг Их Британы магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн төв Азийн цорын ганц их сургууль болох Их Засаг ОУИС санаачлан Рояаль ОУДС, Рояаль HD телевиз, Хэнтий аймгийн “Хан Хэнтийн хүү” хөгжлийн сан хамтран зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд оюутан залуучуудыг сайн сайханд уриалж, зөв хандлага, бүтээлч сэтгэлгээтэй, Дэлхийн хөгжилд хөл нийлүүлэн алхах чадвартай шилдэг хүний нөөцийг бэлтгэх, тэдэнд хөгжлийн зөв шийдлийг санал болгох зорилготой аж.
Хөтөлбөрөөс шалгарсан шилдэг оюутан залуучууд гадаадын өндөр хөгжилтэй оронд 100 хувийн тэтгэлэгээр суралцах бүрэн боломжтой юм.
Зорилтот хөтөлбөрийг 3 үе шатаар зохиогддог бөгөөд “Хан Хэнтийн хөгжилд миний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанаар эхэлсэн I шантанд 20 сурагч шалгаран II шатандаа Ерөнхий эрдмийн мэдлэгийн олимпиадад хамрагдаж шалгалт өгч тэнцсэн 16 сурагч уран илтгэлийн тэмцээнд оролцож чөлөөт ярилцлага хийв. Ийнхүү III шатанд тунаж үлдсэн 16 сурагч Хэнтий нутгийн нийт сурагч хүүхэд багачуудынхаа дуу хоолой болж эх орон, төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн талаар олон шилдэг шинэлэг санаа, шийдлийг хэлэлцүүлж, өөрийнхөө хүсэл мөрөөдөл, амжилтанд хүрэх арга, тэмүүлэл, амьдралынхаа утга учрыг уран тод үгээр, үнэнч шудрагаар, зорилготой илэрхийлж өрсөлдлөө.
Тэмцээний Гран при шагналын эзнээр Хэнтий аймгийн Үндэсний лабратори Хэрлэн 1-р сургуулийн 12в ангийн сурагч Ариунбатын Анударь шалгарч БНСУ-н Канвоны үндэсний их сургуульд 1 жил үнэ төлбөргүй суралцах эрхийг авлаа. Мөн шилдэг оролцогчоор шалгарсан Тэмүүжин цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Өсөхгэрэлийн Оюунтүлхүүр, 12г ангийн сурагч Мөнх-Эрдэнийн Төрболд, Хэрлэн 1-р сургуулийн 11д ангийн сурагч Нэргүйбаатарын Лхагвасүрэн, Үндэсний лабратори 1-р сургуулийн 11в ангийн сурагч Амагланбаатарын Энхнаран нар Их Засаг олон улсын их сургуульд 1 жил үнэ төлбөргүй суралцах 100 хувийн тэтгэлэг хүртлээ. Эрдэм мэдлэгээрээ бусдыгаа манлайлсан бусад 11 сурагчид Их Засаг ОУИС-д 50-30 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг гардуулан өгөв.
Уг төсөлд хамрагдсанаар оюутан бие дааж шийдвэр гаргах, хамт олон багаар ажиллах чадвартай болох, аливаа асуудалд бүтээлчээр хандах, гадаад хэлний зохих түвшиний мэдлэгтэй, эрч хүч, эрхэм чанар, ирмүүн сэтгэлгээтэй хүмүүнлэг иргэн болж төлөвших ач холбогдолтой.
Хэнтий аймаг О.Буянхишиг
Сэтгэгдлүүд