Украин улсын консул Монголд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-07-24 15:30:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Украин улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны консул, хатагтай Лилия Самойлова Улаанбаатарт албан ажлаар ирж зочлов.
Тэрээр ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөхтэй ажлын уулзалт яриа хийж, Украин улсаас Улаанбаатарт ажиллаж байгаа өөрийн иргэдтэй уулзав. Мөн Монгол-Украины найрамдлын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд болон Украин улсын их, дээд сургууль төгсөгчдийн төлөөлөлтэй уулзсан юм.

Тодруулга: Хоёр орны хооронд 1992 оны нэгдүгээр сарын 21-нд дипломат харилцаа тогтоосон юм. Украин улсыг Польш улсад суугаа манай улсын ЭСЯ-наас, Монгол Улсыг Украины Бээжин дэх ЭСЯ-наас тус тус хавсран суудаг. Хоёр орон олон жилийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанаас дурдвал, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2002 онд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд тус тус Украин улсад, Украины Ерөнхийлөгч Л.М.Кравчук 1992 онд, Л.Д.Кучма 2003 онд тус тус Монгол Улсад айлчилжээ. Мөн УИХ-ын дарга Н.Багабанди 1995 онд, Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн 1992 онд Украин Улсад айлчилсан. Хоёр орны иргэд хоорондоо урилгын дагуу харилцан 90 хоногийн хугацаанд визгүй зорчдог юм. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Украины Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр нэлээд хэдэн салбарт бий. Украин улсын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд манай улсаас жил бүр олон тооны оюутнууд суралцаж байна.
Б.Болд
 
 
Холбоотой мэдээ