Хуучин орон сууцнуудыг дулаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-08 11:02:18

Ирэх онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх томоохон ажлын нэг бол Мандалговь хотын орон сууцнуудын гадна фасадны засвар болж байна.

Мандалговь хотод анх баригдаж ашиглалтад орсон цагаасаа засвар хийгдээгүй арав нэлээд гаран тооны орон сууц бий. Эдгээр орон сууцны анхных нь 1960 оны эхээр, сүүлийнх нь 1987 онд ашиглалтад орсон байдаг.

Хуучин орон сууцнууд дулаан алдагдал ихтэй болж, өвлийн өвөлд тохь алдан даарч байгаа талаар оршин суугчдын гомдол тасардаггүй бөгөөд орон сууцнуудыг дулаалж засварлах ажил орон нутгийн хөгжлийн сангаар хийх ажлын жагсаалтад дээгүүрт эрэмбэлэгджээ.

Эхний удаад дулааны алдагдал ихтэй 9 орон сууцны гадна фасадыг засварлана. Үүнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 350 сая төгрөг зарцуулах бол Сайнцагаан сум үүн дээр орон нутгийн хөгжлийн сангаасаа 100 сая төгрөг нэмэрлэх юм байна.

Дулаалахаас гадна орон сууцнуудын үзэмж сайжрах тул энэ нь  Мандалговийн өнгө төрхийг ч өөд татах нэг ажил болох ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ