Дархан-Уул аймгийн Орхон сумын түүхт 50 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-07-28 15:43:20
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Орхон сумын 50 жилийн ойн баяр энэ сарын 27-29-нд тохиож байна.

Баярын хүрээнд өчигдөр буюу энэ сарын 27-нд Хүндэтгэлийн хурал зохион байгууллаа. Уг хуралд УИХ-ын гишүүн Б.Жавхлан аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат болон Хонгор, Шарын гол сумын удирдлагууд оролцож мэндчилгээ дэвшүүлэв. Энэ үеэр Орхон сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг аймгийн удирдлагууд танилцуулав. Мөн өдөр сум, орон нутгаа хөгжүүлэхэд хөдөлмөр, хичээл зүтгэл, авьяас билгээ зориулсан эрхэмүүдийг Төрийн дээд одон медаль болон аймаг, сумын хүндэт шагналаар шагнасан юм.
 
Орхон сум нь сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, зөгийн аж ахуйг хослуулан хөгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын хүнсний ногооны хэрэглээний 19.8 хувийг дангаараа хангадаг байна. Тиймээс 2007, 2009, 2010, 2012, 2014, 2015 онд хүнсний ногоо тариалагч “Шилдэг сум”-аар шалгарч,  Дарханчуудын төдийгүй Монгол Улсан бахархал болсон гэдгийг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хурлын үеэр онцолж байлаа.

"Алтан гадас" одонт, Улсын тэргүүний Орхон сумын түүхт 50 жилийн ойн баяр маргааш буюу энэ сарын 29-нд өндөрлөнө.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ