“Ногоон дээвэрт”- ийг аймгийн хамгаалалтад оруулах хүсэлт илгээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-08 13:23:59

Дундговь аймгийн ЗДТГ ард олноо “Ногоон дээвэрт” хэмээн нэрлэгдсээр ирсэн анхны бага сургуулийн барилгыг аймгийн хамгаалалтад байх түүх соёлын жагсаалтад оруулах тухай хүсэлтийг БСШУЯ-нд уламжлахаар болсон байна.

1921 оны ардын хувьсгал ялсны дараа Монгол Улсад байгуулагдсан орчин цагийн бага сургуулийн нэг нь Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд бий. Өнөө хэр нь анхны бага сургуулийн барилга оршсоор байгаа бөгөөд ард олон түүнийг”Ногоон дээвэрт” хэмээн үе үедээ нэрийдсээр иржээ.

Дэлгэрхангайн сургууль 1922 онд байгуулагдсан. Харин 1925 онд сургуулийн барилгыг барьсан бөгөөд ардын засаг мандаж, Богд хааны хөрөнгийг хураан, үүгээр 10 сургууль барихаар болсны нэг нь энэхүү “ногоон дээвэрт”  ажээ. Тухайн үед тунгаамал шохойг бааюуд шатаан хөх туйпуу хийж, хятад иргэдээр бариулсан гэх энэ барилга цонх нь л хагарсан уу гэхээс хана туурга, дээвэр нь бүрэн бүтнээрээ он удаан жилийн турш хадгалагдаж ирсэн байдаг.

Өдгөө 90 жилийн настай сургуулийн энэхүү барилга 1998 онд Засгийн газрын тогтоолоор аймгийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтсан боловч 2008 онд хасагдсан байна.

Одоо энэхүү жагсаалтад дахин оруулах хүсэлтийг БСШУЯ-нд ийнхүү уламжлахаар болсон ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ