Цахим аюулгүй байдлын тусгай алба байгуулахыг уриалжээ

Дэлхийд | Эдийн Засаг
172@montsame.mn
2018-08-01 12:32:27
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс цахим аюулгүй байдлын тусгай алба байгуулахыг уриалжээ.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Америкийн ард түмний хувьд цахим аюулгүй байдал хэзээ хэзээнээс илүү чухал болсныг бид мэдэж байгаа болохоор ерөнхийлөгчийн зарлигийн дагуу сүүлийн жилд цахим дэд бүтэц болон батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэхэд чиглэсэн асар өргөн цар хүрээтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Америк улс өдөр ирэх тутам цахим дэд бүтцээс улам их хамааралтай болж байгаа бөгөөд манай цахим дэд бүтэц рүү байнга халдаж байна” гэж Майкл Пенс цахим аюулгүй байдлын асуудлаархи чуулга уулзалт дээр үг хэлэхдээ тэмдэглэсэн байна.
 
“БНАСАУ болон БНХАУ-ын зүгээс үйлдсэн цахим халдлагууд нь аж үйлдвэрийн гол салбаруудын худалдааны нууцыг хулгайлахад чиглэж байсан. АНУ-ын эдийн засаг, эрчим хүчний салбар бас цахим халдлагуудын бай болдог. Өнгөрсөн онд Оросын зүгээс үйлдсэн хор хөнөөлт ганц халдлага л гэхэд Америкийн усан тээврийн нэгэн компанид 400 сая ам.долларын хохирол учруулсан байдаг. Ийм халдлагаас 2016 онд АНУ-ын эдийн засаг 109 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Иймд цахим аюулгүй байдлыг хангахад зориулан 15 тэрбум ам.доллар гаргахыг АНУ-ын засаг захиргаа Конгрессоос хүссэн юм” гэж М.Пенс нэмж хэлжээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ