Сайншандын Салхин паркийн 25 дахь сэнсийг угсрах ажил дуусав

МОНГОЛЫН МЭДЭЭ
192@montsame.mn
2018-08-02 11:42:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сайншанд Салхин парк” ХХК өнгөрсөн долоо  хоногт 25 дахь салхин сэнсний угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаандаа бүрэн гүйцэтгэж дуусгаснаа мэдээллээ. 
Төслийн гүйцэтгэлийн ажлыг хэрэгжүүлэхэд инженерийн болон барилга угсралтын мэргэжлийн ур чадвараас гадна барилгын үйл явцын ямарваа нэгэн сул зогсолт, осол гэмтэлгүйгээр гүйцэтгэхэд төслийн маш нарийн төлөвлөгөө, хариуцлага чухал шаардлагатай байв. Байгалийн урьдчилан таамаглашгүй нөхцөл болох элсэн шуурга, бороо салхины улмаас барилга угсралтын ажил 25 өдрөөр хойшилсон ч төслийн багийнхан, хамтран гүйцэтгэгчид төслийн ажлыг төлөвлөгөөний дагуу амжилттай явуулж байна. Дорноговь аймгийн Алтанширээ, Өргөн сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Сайншанд салхин паркийн барилгын ажил 2017 оны наймдугаар сараас эхэлсэн бөгөөд 2018 оны аравдугаар сарын сүүлээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төслийн үр дүнд байгальд ээлтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэж, орон нутгийн болон үндэсний хэмжээнд эдийн засгийн эерэг нөлөөг үзүүлэхээс гадна шинээр ажлын байр ч бий болох юм.
Төслийн барилга угсралтын ажилд нийт 120 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж байгаа юм. Үүний 65 хувийг олон улсын банкууд санхүүжүүлж байгаа бөгөөд 98 хувийг Европын компани болон бусад байгууллагууд эзэмшиж байна. Уг төсөл хэрэгжсэнээр 55 МВт суурилсан хүчин чадал бүхий салхин парк ашиглалтанд орж, жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээ хангахуйц ногоон эрчим хүч үйлдвэрлэн 200 мянга гаруй тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлэх юм.
 Б.Болд
 
Холбоотой мэдээ