50 ортой төрөх эмнэлгийн өргөтгөл 2019 онд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-03 23:39:26
Дархан-Уул /МОНЦАМЭ/. 50 ортой 3 давхар барилга бүхий Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол энэ сарын хоёрны өдөр боллоо. Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусах аж. Харин 2019 онд дотоод засвар зэргийг хийж ашиглалтад орох юм.
Тус эмнэлэг нь улсын төсвийн 3 тэрбум төгрөгөөр барьж байгааг аймгийн Засаг дарга С.Насанбат шав тавих ёслолын үеэр хэлсэн үгэндээ дурдаж “Уг барилгын гүйцэтгэлийн ажилд холбогдох байгууллагууд хяналт тавьж, цаг хугацаанд нь ашиглалтад оруулах болно” гэлээ.
 
Дархан-Уул аймгийн Төрөх тасагт зөвхөн Дархан-Уул аймгийн төдийгүй Сэлэнгэ, Төв аймгаас хүндрэлтэй төрж болзошгүй жирэмсэн эхчүүд ирж төрдөг аж. Жилд 3000 орчим эхчүүдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төрөх тасгийн ачаалал өндөр, орны хүрэлцээ муу тул төрсөн эхчүүдийг 1-2 хоногийн дараа эмнэлгээс гаргах тохиолдол олонтой байдаг ажээ.
 
Харин 50 ортой Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилга ирэх онд ашиглалтад орсноор жирэмсэн болон төрсөн ээжүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, төрөлтийн хүндрэл, эрсдэл буурна хэмээн эмч, мэргэжилтнүүд үзэж байна.
 
Аймгийн Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Жи Жи Ай” ХХК ажиллаж байна. Тус компани урьд нь хоёр ч 50 ортой Төрөх эмнэлгийн барилгыг барьж, ашиглалтад оруулж байсан 13 жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон аж.
Ийнхүү Дарханчууд 2019 онд төрөх эмнэлгийн өргөтгөлийн шинэ байртай болохоор шав тавих ёслол үйлдлээ. Эсэн  мэнд амаржих, нярайн эндэгдэлгүй төрөлтөөрөө улсдаа тэргүүлдэг ч төрөх байрны асуудал хүндхэн байсан манай аймгийн тухайд нэг асуудал ийнхүү шийдэгдэж байна.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ