“Дархан-50” цэцэрлэгт хүрээлэнд “Босоо заяатай Монгол" дууны хөшөө сүндэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-03 23:58:07
Дархан-Уул /МОНЦАМЭ/."Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн", Дархан хотын "100 эрхэм"-ийн нэг, Говь -Алтай аймгийн Цогт сумын "Хүндэт иргэн" М.Хунлиузын бүтээл “Босоо заяатай Монгол” дууны хөшөө Дарханчууд төдийгүй айлчин гийчдийн очих дуртай Дархан-50 цогцолборт тун удахгүй сүндэрлэн босно.
Монгол хүн Монголоороо омогшиж, эх орон газар шорооныхоо эзэн нь байж тэнгэрт тэтгэгдсэн босоо заяаг дээдлэх зэргийг шингээсэн бүтээл төрийн хүндэтгэлийн тоглолтод хэдэнтэй эгшиглэжээ.

Нийтдээ 80 гаруй дуу зохиосны 60 орчим нь Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн М.Хунлиузын өөрийн шүлэг. Дан хөгжимд зориулсан 20 гаруй бүтээл бий. Энэ бүхэн Дархан хотын соёлын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтууд юм.
Армид алба хаахаар ирсэн нь түүний уран бүтээлийн хөгжил дэвшлийн үе байсныг онцлон хэлсэн. Уран бүтээлийн оргил болох “Босоо Заяатай Монгол” дууг гэрэлт хөшөөтэй болгох саналыг мэргэжил нэгт уран бүтээлчдийн зүгээс гаргасан байна.
Уран бүтээлийн хувьд Монголын радиогийн алтан санд 50 гаруй нийтийн дуу бий. Мөн Монгол ТВ-ийн алтан санд 30 орчим минутын 3 кино концерт, 10 гаруй клип мөнхөрсөн талаар хөшөөний шав тавих ёслолын үеэр онцлон тэмдэглэж байв.
Төрийн наадмын нээлтэд хэдэнтэй дуулагдсан энэхүү уран бүтээлийн М.Хунлиузын хайртай уран бүтээлүүдийнх нь нэг аж.  7 метр өндөртэй гэрэлт хөшөө нь ах, дүү, найз нөхөд, иргэдийн хандив тусламжаар сүндэрлэнэ. 
Дашрамд уг дууны гэрэлт хөшөөг анх “Цонжин болдог” цогцолборын урд барих төлөвлөгөөтэй байсан ч уран бүтээлч нь Дархан хотод ажиллаж амьдарч байгаа, хөшөө босгох бүтээл нь Дархан хотод мэндэлсэн учраас ийнхүү манай хотод сүндэрлүүлэхээр болжээ.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ