Энэ намар төлөвлөсөн хэмжээний ургацаа хураан авах боломжтой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-06 13:36:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар ургац боломжийн хэмжээнд байгаа учраас төлөвлөсөн хэмжээний ургацаа хураан, дотоодынхоо хэрэгцээгээ хангах боломжтой байна гэж ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Энэ жил 538.4 мянган тонн үр тариа, үүнээс 518.7 мянган тонн улаанбуудай, 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34.2 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, дотоодынхоо хэрэгцээг хангах зорилт дэвшүүлээд байгаа юм. 
Өнгөрсөн тавдугаар сарын 3-наас эхлүүлсэн энэ жилийн хаврын тариалалтыг цаг агаарын төлөв байдалтай уялдуулан зургадугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал  36.6  мянган га-д, эмийн ургамал 947 га-д, жимс, жимсгэнэ 386 га-д тус тус тариалаад байна. Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын штабтай хамтран шуурхай ажиллана.
Ургацын урьдчилсан балансаар тогтоосон ургацаа амжилттай хураан авахын тулд ургац хураалтын үед болон хураалтын дараах үтрэмийн ажилд цаг агаарын болзошгүй эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, туршлагатай тариаланчидтай хамтран ургац хураалтын технологийн зөвлөмж боловсруулах чиглэлийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгөөд байгаа билээ. Мөн ургац хураалтад шаардлагатай бүхий л бэлтгэл ажил тэр дундаа хүн хүч, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ургацын талбайд борооны ус орохоос сэргийлж хамгаалалт хийхийг анхаарууллаа. Түүнчлэн үтрэмийн талбайг цэвэрлэж, ургац хүлээн авах шаардлагад нийцүүлэх, ургац хураалтын үед гарах хүнсний ногооны иш навчийг талбайд хаялгүй тэжээлд нөөцлөх, даршлах нь зүйтэйг сануулж байна. 
Наймдугаар сарын 20-ноос энэ намрын ургацын баланс гарна.
Б.Болд
Холбоотой мэдээ