Булган аймаг энэ намар 89,0 мянга гаруй тонн хадлан бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-08-07 11:49:36
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзийтэй уулзаж энэ намрын хадлан бэлтгэх ажлын талаар ярилцлаа.
- Наадмын маргааш намар гэдэг. Энэ жил аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадам долдугаар сарын сүүлчээр боллоо. Мөн мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс шалтгаалж сумын наадмыг оройтож тэмдэглэсэн. Одоо хадлан бэлтгэх намрын ажил эхэлж байх шиг байна. Энэ жил ямар зорилттой ажиллаж байна вэ?
- Энэ зуны тухайд Булган аймагт зуншлага харьцангуй гайгүй байна. Зургаадугаар сарын 25-наас эхлэн нийт нутгаар хур бороо орж эхэлсэн. Мал сүргийг онд мэнд тарган тавтай оруулах өвсний хэрэгцээ бол 89,0 мянга орчим тонн байдаг. Ийм хэмжээний өвс бэлтгэж байж, өвөлжилтийн бэлтгэл бүрэн дүүрэн хангана. Аймаг, сумын нөөцөд тодорхой хэмжээний өвс бэлтгэж нөөцлөх талаар Засгийн газрын шийдвэр гарсан. Аймгийн нөөцөд 290 тонн, нийт сумдад сумын аюулгүйн нөөцөд 1600 тонн өвс бэлтгэж нөөцөлсөн байх ёстой үүрэг чиглэл ирсэн. Малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээнд 88,0 мянган тонн хадлан бэлтгэхээр зорьж ажиллаж байна.
- Хадлан бэлтгэх талбайг яаж зохицуулж байна вэ?
- Булган бол хангайн аймаг хадлан өвсний нөөц арвинтай. Хадлан бэлтгэх дадал өндөр. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн ган ялангуяа аймгийн нутаг дэвсгэрийн ихэнх хувийг эзэлдэг тал хээрийн суманд сүүлийн арваад жил бэлчээрийн талхагдал, хур борооны хомсдол зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллөөс бэлчээр их доройтсон. Энэ байдал сумын хадлангийн хэрэгцээг сумынхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах боломжийг бий болгож чадахгүй байгаа. Бид урд талын бүсийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумын хадлангийн нөөцийг Баяннуур сумын Бор булан гэдэг газраас бэлтгэхээр төлөвлөсөн. Могод, Сайхан сумын малчид, сумын нөөцийн өвсний хэрэгцээг Хутаг-Өндөр сумаас бусад сумын өөрийн нутаг дэвсгэрээс хадлангаа авах үүрэг чиглэл өгч ажиллаж байна.
- Аймгийн нөөцийн газар хадлан авах талбай байхгүйгээс өнгөрсөн жил Сэлэнгэ аймагт өвс бэлтгэсэн. Энэ жил хаанаас нөөцийн өвс авахаар төлөвлөж байна?.
- Аймгийн нөөцийн 290 тонн өвсийг Хутаг-Өндөр сумын Харгана, Ар цагаан, Ар могой, Баянгол, Сэлэнгэ сумын Хийдийн давааны орчмоос бэлтгэхээр талбайг нь бэлтгэсэн. Талбай бэлтгэнэ гэдэг маань тодорхой хаягжуулалт хийж, аймаг, сумын Засаг даргын шийдвэрээр хамгаалалтад авч тэр бүс нутагт мал бэлчээхгүй байх чиглэлээр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нөөцийн газар, холбогдох чиглэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажилласан. Энэ сарын 15-наас аймгийн нөөцийн газар хадлангаа бэлтгэхээр гарна.
Энэ жилийн хувьд аймгийн нөөцийн өвсийг бэлтгэх бүрэн боломжтой ургац гайгүй талбайг сонгосон.
Аймгийн хэмжээгээр урьдчилсан байдлаар хадлангийн талбайн газрын гарц гайгүй байгаа учир төлөвлөсөн хэмжээний өвсөө бэлтгэнэ гэж үзэж байгаа.
М.Батжаргал

Холбоотой мэдээ