“Хар машин”-ыг шалгаж үзэхийг намын бүлгүүд уриалж байна
МОНГОЛЫН МЭДЭЭСонгуулийн санал тоологч автомат машиныг ойрийн өдрүүдэд багтаан нийтэд ил тод, нээлттэй шалгаж үзэхийг УИХ дахь АН, МАН-ын бүлгийнхэн уриалав.
УИХ-ын 2012 оны сонгуульд “хар машин” гэгдээд буй санал тоологч автомат машиныг анх удаа ашиглаж, сонгуулийн дүнг гаргасан. Харин ирэх 2016 оны сонгуульд уг “хар машин”-ыг хэрэглэхгүй, хэрэглэсэн ч давхар гараар тоолж, хяналтын тооллого хийхийг зарим улс төрийн хүчин шаардаж байгаа юм. АН-ын бүлгийн хувьд ““Хар машин”-ыг эсэргүүцэж байгаа нь 2012 оны сонгуулийн дүнг, өөрсдийгөө сонгосон иргэдийн сонголтыг үгүйсгэж байгаа хэрэг. Бүх технологи шинэчлэгдэн сайжирч байгаа энэ үед автомат машинаас татгалзаж, гар арга руугаа буцах гэж байгаа нь буруу. Энэ машин саналыг зөвхөн скайнердэж тоолдог. Ямар нэг будлиан хийх боломж байхгүй. Харин гараар тоолдог байхад будлиан их ордог байсан" гэсэн байр суурьтай байгаа.
МАН-ын бүлэг эсрэгээрээ “хар машин”-аар санал тоолоход бульхай хийж, шударга бусаар санал будлиантуулдаг гэж үзэн, давхар гар тооллого хийхийг шаардаж байгаа юм.
Харин улс төрийн дээрх хоёр хүчин нэг зүйл дээр санал нэгдсэн нь “хар машин”-ы ажиллагааг ойрын үед багтаан хэвлэл мэдээллийнхэн, компъютерын инженерүүд, иргэдийн төлөөллийг байлцуулан нээлттэй шалгаж үзэх тухай байв. Хэрэв үнэхээр асуудалгүй хэмээн баталж байгаа бол энэ ажиллагааг заавал хийж, эргэлзээг тайлах ёстой гэлээ. Энэ байр сууриа бүлгийн дарга, дэд дарга нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр тодорхой илэрхийлсэн юм.
Н.Гантуяа