Үерийн гамшигт нэрвэгдэгсдэд нэг тэрбум гаруй төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-10 11:03:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд Монгол Улсын Засгийн газар, гадаадын болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага иргэдээс нэг тэрбум 192 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж ирүүлжээ.

Үүнээс Засгийн газраас 425,2 сая, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн зөн-Монгол, Адраа-Монгол, Каритас-Монгол, Туркийн Улаан хавирган сар зэрэг олон улсын байгууллагууд болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдын яамнаас нийтдээ 491,2 сая, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 265 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Нийт тусламжийн  855,9 сая нь гэр, хоол хүнс, хувцас, сав суулга, эрүүл ахуй, ариун цэврийн багц, эм зэрэг эд материалын, 336,1 сая нь бэлэн мөнгөний тусламж байна.

Гадаадын болон олон улсын байгууллагуудаас иргэдийн гарт шууд олгосноос бусад мөнгөн тусламжийг Голомт, Хаан банкнуудад аймгийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр нээсэн данснуудад төвлөрүүлж байгаа ажээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ