Шинжлэх ухааны ололтыг сургалтад нэвтрүүлэх боломжийг ярилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
nandintsetseg@montsame.gov.mn
2018-08-20 17:35:56
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгээс зохион байгуулж буй “Байгалийн ухааны орчин үеийн ололтууд ба шинжлэх ухааны боловсрол дахь дэвшилтэт технологи” сэдэвт олон улсын анхдугаар хурал өнөөдөр МУИС-ийн номын санд эхэллээ.

Гурван өдөр үргэлжлэх уг хуралд дэвшилтэт технологи, биотехнологи,  цөмийн технологи, нанотехнолги, материал судлал зэрэг шинжлэх ухааны чиглэлээр илтгэх тавих  70 орчим төлөөлөгч оролцож буйн дотор Австри, БНСУ, БНХАУ, Израйль, ОХУ, Тайван, Японы их дээд сургуулийн 30 орчим эрдэмтэн, профессор багтаж байна.

Тус хурал байгалийн шинжлэх ухааны ололт амжилтыг  их дээд сургуулийн сургалтанд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага хүрээлэн, их дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замыг хэлэлцэхийн зэрэгцээ залуу эрдэмтэн судлаачдад судалгааны ажлаа гадаадын эрдэмтдэд танилцуулж, туршлага судлах боломж олгож буйгаараа онцлог юм. 
 
БНСУ-ын Инчоны их сургуулийн профессор Д.Одхүү “Манай улс өөр бусад оронтой харьцуулахад байгалийн нөөц баялаг ихтэй. Гэвч бид олборлож буй баялгаа түүхийгээр нь, эсвэл хагас боловсруулан гадагш экспортолж байна. Олборлож буй баялгаа боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэх боломж бидэнд бий. Өндөр хөгжилтэй орнуудыг жишээнээс харахад шинжлэх ухаан, технологио хөгжүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажлын байраа нэмэгдүүлснээр эдийн засаг нь мэдэгдэхүйц сайжирсан байдаг” хэмээн онцлов.



БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Цөмийн энергийн профессор Иль Хванг “Монголын шинжлэх ухаан, эдийн засаг, соёлын салбарын олон улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжиж байна. Үүний нэг жишээ дэлхийн олон нэртэй эрдэмтэд чуулсан өнөөдрийн хуралдаан юм. Солонгост шинжлэх ухааны чиглэлээр олон монгол оюутан суралцдаг нь манай хоёр орны шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа нэмэгдэхийн илэрэл. Монгол, Солонгосын соёл, уламжлалд адил төстэй зүйл олон учир хамтын ажиллагаа үр дүнтэй байна гэдэгт итгэж байна” хэмээв.
Холбоотой мэдээ