“Шигшмэл хурд-2018”-уралдаан зохион байгуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-08-22 10:01:18
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Онцгой комиссын хурлыг өчигдөр  08-р сарын 21-ний орой 19 цагт Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хурлын танхимд зохион байгууллаа.  Хуралдаанаар аймгийн төвийн Бөөн хар гэдэг газарт энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Шигшмэл хурд -2018" хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Онцгой комиссоос Цагдаагийн газрын дарга хурандаа Б.Батзаяа, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон, Буянт сумын Засаг дарга М.Пүрэв нарт даалгалаа.
Буянт, Жаргалант сумдын нутаг дэвсгэрт хүн малын гоц халдварт "Боом" өвчин гарсантай холбогдуулан дээрх сумдын Засаг дарга нар нутаг дэвсгэртээ хорио цээрийн дэглэм тогтоосон захирамжаа гаргасан учраас хорио цээр, хязгаарлалтын дэглэм дуусах хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ, хүн, малын бөөгнөрөл бий болгохгүй арга хэмжээг авч ажиллахыг тухайн сумдын Засаг дарга нарт аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт үүрэг болгосон байна. 
Мөн хуралдаанаар Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт гарсан малын гоц халдварт "боом" өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тухайн сумдын дарга нарын мэдээллийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэв. 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ