Багш нар есдүгээр сарын 3-наас ажил хаялт зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2018-08-23 12:31:41
Улаанбаатар. /МОНЦАМЭ/ МҮЭХ-ны салбар хороод Засгийн газрын цалин нэмэх  асуудалтай санал нийлэхгүй байгаагааг илэрхийлж,  ирэх есдүгээр сарын 3-наас боловсролын салбарынхан ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.

Төрийн албан хаагчийн цалинг ирэх сарын 1-нээс нэмэхээр шийдвэрлэсэн. Гэвч боловсролын салбарын нийт ажилчдыг ажлын түвшингээр нь ялгаварлан цалин нэмж байгаатай санал нийлэхгүй гэдгээ багш, эмч нарын төлөөлөл илэрхийлж байна.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ)-ны дарга Ж.Батзориг ярихдаа, “Засгийн газраас энэ удаагийн цалин нэмэлтэд 58.1 тэрбум төгрөг зарцуулж байгаагаа мэдэгдсэн. Боловсролын салбарт хийсэн ажлын байрны үнэлгээнд үндэслэн бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын албан тушаалын зэрэглэлийг нэгээр ахиулж, цалинг 12.3 хувиар буюу  87.9 мянган төгрөгөөр нэмэхээр болсон. Багш, сувилагч нарын цалинг ангилал, зэрэглэлээр ялгаж нэмэх нь зохисгүй. Үнэндээ танаж, шилжүүлж болох олон зардал байгаа. Хэрвээ ингэж шийдэх байсан бол бид өнгөрсөн хавар саналыг  нь хүлээж авахгүй байсан. Үүнийгээ ч илэрхийлсэн. Тиймээс боловсролын салбарынхан зүгээр ажил хаяад суухгүй, өмнөхөөсөө илүү хурц, олон нийтийг хамарсан тэмцлээр ажил хаялтаа үргэлжлүүлнэ” гэв.


Эрүүл мэндийн  ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Мягмар, “Сувилагчийн цалинг 20-30 хувиар нэмж байгаа бол эмчийн цалинг хэзээ, хэдэн хувиар  нэмэх нь тодорхойгүй байна. Тийм учраас манай холбоо хуралдаж Засгийн газраас асуулга асуухаар боллоо. Энэ удаагийн цалингийн нэмэгдэлд эмэгтэйчүүд, шүдний тасгийн сувилагчид болон ахлах сувилагчийн цалинг нэмэх асуудлыг огт хөндсөнгүй. Эмч нарын цалинг ирэх онд хэзээ, хэдэн хувиар ямар шатлалаар нэмж байгааг тодорхой болгосны дараа бид ажил хаялтад нэгдэх эсэхээ ирэх долоо хоногт шийднэ. Боловсролын салбарынхны ажил хаялтыг эрүүл мэндийн салбарынхан бид бүрэн  дэмжиж байна” гэв.

Мөн үеэр МҮЭХ-ны бусад салбар хороод боловсролын салбарынхны ажил хаялтыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
 
С.Мөнхбаатар

Холбоотой мэдээ