ОХУ-ын эмэгтэй бөхийн цомын АШТ-д манай тамирчид хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-09 11:39:56

ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын “Чебоксары Арена” спортын ордонд энэ оны 12 дугаар сарын 11-12-нд болох Чуваш улсын тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит нээлттэй “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээнд манай тамирчид хүч үзнэ.

Чуваш улсад эмэгтэй чөлөөт бөхийн төрөл эрчимтэй хөгжиж байгаа юм. Тус улсаас ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Европын 5 удаагийн аварга, Наталья Гольц, дэлхийн аварга Ольга Смирнова, Европын аварга Екатерина Краснова зэрэг нэртэй бөхчүүд төрсөн. ОХУ-ын Спортын яам, Чувашийн Спортын яам, Оросын спортын бөхийн холбоо хамтран зохион байгуулах уг тэмцээний шагналын сан нь өмнөх оны адил 120 мянган ам.доллар. Энэ удаагийн тэмцээнд АНУ, Латви, Азербайжан, Беларусь, Казахстан, Монгол, Швед зэрэг гадаадын бөхчүүд өрсөлдөх юм.

Тэмцээний эхний өдөр бүх жингийн тэгшитгэлийн, урьдчилсан барилдаан, хоёр дахь өдрийн үдээс өмнө хүрэл медалийн, үдээс хойш алтан медалийн төлөөх барилдаан болно. Энэ тэмцээнд манай улсаас үндэсний эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Д.Батням, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ц.Баярсайхан нарын удирдлага дор эмэгтэй үндэсний шигшээ багийн тамирчин Э.Сумьяа /53 кг, “Хилчин” спорт хороо/, ОУХМ П.Орхон /58 кг, “Алдар” спорт хороо/, ОУХМ Б.Шоовдор /58 кг, ”Ганьт” клуб/, гавьяат тамирчин Т.Мөнхтуяа /60 кг, “Хангарьд” клуб/, гавьяат тамирчин С.Батцэцэг /63 кг, ”Хилчин” спорт хороо/, “Хасу-Мегаватт” клубээс ОУХМ Д.Отгонцэцэг /48 кг/, Ц.Намуунцэцэг /53 кг/, А.Батцэцэг /55 кг/ нар оролцоно.

Дашрамд сонирхуулахад, 2014 онд болсон анхдугаар тэмцээнээс 58 кг-д С.Бямбацэрэн алт, 53 кг-д А.Батцэцэг хүрэл медаль хүртэж байсан юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ