Ноос бэлтгэлээр Пакистаны туршлагыг судлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-27 09:59:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд “Хонины ноос, ноосон бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэлийн тогтолцоог сайжруулсан туршлагыг Монголд нэвтрүүлэх боломж” сэдэвт онол практикийн сургалт боллоо.

Сургалтаар олон улсын маркетингийн зөвлөх Грант Виннинг, Австралийн малчин Ровен МкДоналд, НҮБ-ын ХХАА-н байгууллагын Пакистан болон Монгол дахь суурин төлөөлөгч асан, олон улсын эксперт Кевин Галлагхер нарын туршлагыг танилцууллаа. Ази, Номхон далайн орнуудад үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний маркетинг борлуулалтыг сайжруулах замаар орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн туршлагатай мэргэжилтэн Грантын хамт төслийн баг Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотод үндэсний үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзаж тэдний эрэлт хэрэгцээ, түүхий эдэд тавигдах шаардлага, зах зээлийн нэмүү өртгийн сүлжээнд тулгамдаж буй зарим асуудлыг тодорхойлж мөн Дундговь аймагт малчдын хоршоотой уулзаж түүхий эд бэлтгэл, нийлүүлэлтийн асуудлыг газар дээр нь судлан үнэлгээ хийв. ХХААХҮЯ-нд хийсэн сургалтаар үнэлгээний үр дүн, Монголын ноос бэлтгэл, үйлдвэрлэлийн салбарыг Пакистаны туршлагаар сайжруулах боломжийг хэлэлцэх үеэр олон улсын маркетингийн мэргэжилтэн Грант Виннинг, ноос бэлтгэгчдийн техник ур чадвар, технологийг сайжруулснаар Пакистан улсын Балочистан аймгийн хонины ноосны үнэ цэнийг 5 сая ам.доллараас даруй 19.3 сая ам.долларт хүргэснээ ярьж байв. Пакистан улс нь байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлтэй, газар нутгийн хувьд манай оронтой төстэй, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг орон юм.
Сургалтаар олон улсын мэргэжилтнүүд хэлэхдээ, “Үнэ цэнэ шингээсэн ноос бэлтгэх гол алхам бол малаа сайн тордож ноосыг нь чанаржуулах, малаа угааж ноосыг нь хяргаж авах арга барил, ноосоо ангилан ялгаж боловсруулахад оршиж байдаг”-ийг онцлож байв. Пакистанд ноос боловсруулагчдын зүгээс малчдад тавьдаг 3 шаардлага нь хяргасан ноосны урт нь жигд байх, өнгө, хээл, зооны хэсгээр нь ялгасан байх, сайтар угаасан байх ёстой. Үүнийг шийдвэрлэхийн тулд Австралийн сайн туршлагыг Пакистанд нэвтрүүлж, хонийг хяргахын өмнө угааж, ноос нь хатсаны дараа ноосыг нь гараар биш, машинаар хяргах аргыг нэвтрүүлжээ. Ингэснээр нэг хонин толгойгоос авах ноосны гарц 70 хувь байсан бол 90 хувьд хүрч өссөн төдийгүй чанарын хувьд сайжирсан байна. Түүнчлэн Г.Виннинг явуулын хяргах бүхээгт хонийг хяргаснаар шороотой холихгүйгээр ноосыг нь ангилж ялган преслэх арга технологийн талаар ярьсан юм.

Тодруулга: НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ/UNIDO) нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хамтран “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг Европын Холбооны санхүүжилтээр 2018 оны 3-р сараас хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөл нь Монгол Улсад МАА-н гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж улмаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой бөгөөд 2020 оны 1-р сар хүртэл хэрэгжинэ. Төслийн хүрээнд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгуулагууд болон бусад холбогдох талуудтай хамтран ажиллаж үндэсний болон олон улсын сайн туршлага, техникийн ур чадварт түшиглэн чанар, аюулгүй байдал, цэвэр технологид суурилсан мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, хүний нөөцийн ур чадвар, зах зээлийг өргөжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Б.Болд
 
Холбоотой мэдээ