Д.Оюунхорол: МАН-ын бүлэг байнгын хороодын хуралдаанд оролцохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-09 14:25:54

Сонгуулийн хуулийн талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос тодрууллаа. 

-Сонгуулийн хуулиар МАН, АН-ын бүлэг эсрэг байр суурьтай байгаа. Хэрэв зөвшилцөлд хүрэхгүй бол сонгууль болох хугацааг гурван сараар хойшлуулна гэх санал гарсан мэдээлэл байна. Энэ талаар? 

-Төрийн ордон нэлээн эл хуль, Байнгын хороод хуралдахгүй, УИХ-ын үйл ажиллагаа хэвийн биш болоод байна. Байнгын хороод ирц хүрэхгүй, гишүүд ирэхгүй байгаа учраас хойшиллоо. Энийг юу гэж харж байна гэвэл АН-ынхан ярьсан, хэлэлцсэн зүйлээсээ байнга ухарч байна. УИХ-аар 2016 оны төсөв хэлэлцэх үед сонгуулийн хуулиа хамгийн зөв байдлаар шийдье гэсэн. Монголын ард түмний өгсөн санал тоологддог, сонгууль шударга ил тод, саналаа өгсөн иргэд “Миний санал тоологдсон нь баталгаатай, би өөрийнхөө өгсөн саналыг хянаж үзье” гэж яриад байна. Сонгуулийн хуульд оруулах гол өөрчлөлтийн нэгийг саналын хуудсыг автомат машинаар тоолъё, дээр нь гар хяналтын тоолого явуулъя. Сонгууль маргаангүй, будилаангүй болсон гэдгийг баталгаажуулах гол үндэс энэ. Хоёр хэлбэрээр тоолсон байхад улстөрийн намууд ямар ч маргаан үүсгэхгүйгээр хүлээн зөвшөөрнө гэж үзсэн. Харамсалтай нь, энэ асуудлыг ярилцахгүй гэж АН-ын  бүлэг шийдвэрлэсэн учраас УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өнөөдрөөс эхлэн байнгын хорооны хуралдаанд оролцохгүй, бусад улс төрийн намуудтай хамтран сонгуулийг маргаангүй, шударга явуулах боломжийг хуулиар бүрдүүлж өг гэдэг шаардлага тавиад байна.

-Хэрэв Сонгуулийн хууль өөрчлөгдөхгүй бол одоогийн хуулиараа явуулах боломжтой юу?

-Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай олон асуудал бий. Жишээ нь Увсын тойргийн сонгуулийн маргаанаар Үндсэн хуулийн цэцэд үүсгэсэн гомдлын шийдвэр саяхан гарлаа. Бүтэн гурван жилийн дараа маргаан шийдвэрлэгдэнэ гэдэг Монголын ард түмний санал яаж үнэгүйдэж, ардчиллынхаа үнэт зүйлээс яаж ухарч байгаагийн бодит жишээ.

Өвөрхангайн тойргийн сонгуулийн маргааныг яаж шийдлээ. Дүүргийн нэг шүүгч сууж байгаад өрсөлдөгчөөсөө 6000 хүний саналаар илүүрхэж ялалт байгуулсан нэр дэвшигчийг нь цуцлаад шийдвэр гаргаж байх жишээтэй. Тийм учраас Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгуулийн маргааныг Улсын Дээд Шүүхийн гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэдэг байх, сонгуулийн маргааныг 60 хоногийн хугацаанд шийдвэрлэдэг байх гэдгийг хуульчлах ёстой гэж МАН үзэж байна.

-АН-ын зүгээс танай бүлэгт сонгуулийг есдүгээр сард зохион байгуулъя гэсэн санал тавьсан уу?

-Тийм санал тавиагүй. Одоогийн сонгуулийн хуулиар УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногт зохион байгуулна гэж хуульчилсан байдаг.

-Хэрвээ сонгуулийг есдүгээр сард зохион байгуулах санал тавьбал яах вэ?

-Хуулиа л барина. Дэмжих боломжгүй.

-УИХ хуульд заасан хугацаанд багтаан Сонгуулийн хуулийг өөрчилж чадахгүй бол яах вэ?

-Хэрвээ УИХ 2015 оны 12 дугаар сарын 31-н гэхэд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж баталж чадахгүй бол ирэх оны сонгууль хуучин буюу одоо мөрдөж буй хуулиар л явна.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ