Говь-Алтайн амьтдын тайлбарт танин мэдэхүйн ном анх удаа монгол, англи хэлээр хэвлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-28 12:41:56
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг амьтны аймгаар баян ч тэдгээрийн онцлогийг илтгэсэн танин мэдэхүйн ном гарын авлага хомс байдаг. Тэгвэл тус аймгийн Орон нутаг судлах музейн тайлбарлагч С.Мягмардулам Говь-Алтайн нутаг дэвсгэрт тархан амьдарч буй амьтдын тайлбарт танин мэдэхүйн “Шувууд”, “Хөхтөн амьтад” номыг монгол, англи хэлээр эмхтгэн уншигчдадаа хүргээд байгаа гэнэ. Мөн бага насны хүүхэд багачуудад зориулан “Ами” буддаг номыг хэвлүүлжээ. 
“Танин мэдэхүйн эдгээр номнууд нь биологийн төрөл зүйлийн болон аймаг, орон нутаг судлаачид, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачуудад биологийн хичээл сургалтын гарын авлага болгон ашиглах ач холбогдолтой юм. Түүнчлэн аялал жуулчлалын хийгээд Говь-Алтай аймгийн онцлогийг илтгэсэн брэнд бүтээгдэхүүн, бэлэг дурсгал зэрэгт хувь нэмрээ оруулах болов уу. Манай аймгийн нийт аялал жуулчлалын 80 хувь нь байгалийн аялал жуулчлал хөгжсөн бөгөөд  маш олон ховор амьтад байдаг. Орон нутгийнхаа онцлогуудаа ашиглан аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлэх боломж бидэнд бий” хэмээн номыг эмхтгэсэн С.Мягмардулам сэтгэгдлээ хуваалцлаа.

Дээрх номнуудыг С.Мягмардулам эмхтгэн, Н.Энхсайхан, Б.Отгонбаяр, С.Батдорж нар редакторласан бол гэрэл зургийг Р.Самъяа, Б.Отгонбаяр, Ц.Пүрэвсүрэн, Д.Нандинцэцэг, З.Бааст, Прагийн амьтны хүрээлэн, Barry Charles Jiggins, Н.Батсайхан, Д.Мөнхнаст, С.Мөнх-Очир, E.Driechciarz, Н.Алтансүх,Г.Олонбаатар нар ном бүтээх багт оролцсон байна.
Номын нээлт наймдугаар сарын 29-ний 09:30 минутад “Андууд” ресторанд болох ба мөн үеэр дээрх номууд хямдралтай үнээр худалдаалах гэнэ.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ