Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Монголд ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-08-31 13:22:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага 2018 оны 3 дугаар сард Испани улсын Барселон хотод болсон “Мобайл Ворлд конгресс” их хурлын үеэр Фэйсбүүк компанийн удирдлагуудтай уулзалт хийж урьсны үр дүнд тус компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид энэ сарын 4-7-ны өдөр манай улсад ажиллахаар ирэх гэж байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Жеорж Чен - Хонг Конг, Тайван, Монгол улс болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал, Жефф Ву – Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан нэгжийн захирал, Майкл Ай Юүн - Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан менежер, Рой Тан – Улс төр, Засгийн газрын олон нийттэй харилцах менежер зэрэг хүмүүс багтаж байна.
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид манай улсад ажиллах хугацаандаа Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай уулзаж, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдал, бодлого зохицуулалтын талаар зөвлөлдөж хамтран ажиллах юм. 
Мөн үүнээс гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. 
Холбоотой мэдээ