ВЭФ-2018: Хамрах хүрээ, Монголын оролцоо, Ким Жөн Уны айлчлал ба бусад

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2018-09-03 13:41:33
Долоо хоногийн дараа ОХУ-ын Владивосток хотод эхлэх гэж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг /ВЭФ-2018/ зохион байгуулагчид ажил хэргийн өргөтгөсөн хөтөлбөрийн эхний хувилбар болон оролцогчдын нэрсийн жагсаалтыг урьдчилсан байдлаар нийтлээд байна. Дөрөвдэх удаагаа болох гэж буй энэ чуулга уулзалт “Алс Дорнод: Боломжийн хязгаарыг тэлэх нь” гэсэн уриатай юм.

Ажил хэргийн хөтөлбөрийг 28-ны өдөр ВЭФ-2018-ын албан ёсны цахим хуудас болох forumvostok.ru-д байрлуулжээ. Хөтөлбөрт тусгаснаар, нийтдээ ажил хэргийн 70 орчим арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн ба эдгээр нь салбар хуралдаанууд, бизнесийн уулзалт ярилцлага, ажил хэрэгч өглөөний цай, дугуй ширээний ярилцлага хэлбэрээр явагдана.

Эдгээр арга хэмжээ нь хөрөнгө оруулалт, салбаруудын гол чухал чиглэлүүд, дэд бүтцийн хөгжил ба олон улсын төслүүд гэсэн үндсэн 4 сэдвээр явагдах ажээ. Бүгд хуралдаанд Оросын Ерөнхийлөгч В.Путин оролцож үг хэлэх гэж байгаа нь хамгийн их анхаарал татах үйл явдал яах аргагүй мөн.

Чуулганы хүрээнд “Орос-Хятад”, “Орос-Энэтхэг”, “Орос-Өмнөд Солонгос”, “Орос-Япон”, “Орос-АСЕАН”, “Орос-Ойрхи Дорнод”, “Орос-Европ” гэсэн 7 бизнесийн уулзалт ярилцлага болно. Форумд оролцох гадаадын зочдын дотор Энэтхэгийн Худалдаа, үйлдвэрийн сайд Суреш Прабху, Олон улсын эдийн засгийн бодлогын Солонгосын хүрээлэнгийн ерөнхийлөгч Ли Жэ Ён, Хятадын Аялал жуулчлалын танхимын дарга Ван Пин, Өмнөд Солонгосын Инчоны их сургуулийн хүндэт профессор, Нобелийн шагналт Чун Рае Квон нарын нэрс байна.

Түүнчлэн ВЭФ-2018-д Оросын засгийн газар бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцох ажээ. Тухайлбал, шадар сайд О.Голодец, Гадаад хэргийн сайд С.Лавров, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Орешкин, Барилгын сайд В.Якушев, Байгаль орчны сайд Д.Кобылкин, Тээврийн Е.Дитрих, Хөдөө аж ахуйн сайд Д.Патрушев, Эрүүл мэндийн сайд В.Скворцова, Гэгээрлийн сайд О.Васильева, Спортын сайд П.Колобков нар болон Алс Дорнодын бүс нутгийн удирдагчид ВЭФ-2018-д оролцоно гэдгийг forumvostok.ru-д байрлуулсан ажил хэргийн хөтөлбөрт дурдсан байна.

Чуулга уулзалтын гол зорилго нь Алс Дорнодын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах, Ази-Номхон далайн бүс нутагт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршдог. Тодруулбал, Оросын удирдлага Алс Дорнодын бүс нутгаа эхлээд “илүү хурдацтай хөгжүүлсний” (территории опережающего экономического развития) дараа бусдыг нь хөгжүүлэх бодлого барьж байна. Үүний тулд бүс нутгийн хүн амын өсөлтийг хангахад чиглэсэн стратегийн бодлогыг боловсруулж, 2020 он хүртэлх хугацаанд Алс Дорнодын хүн амын тоог 6,2 саяас бууруулахгүй тогтвортой байлгах, 2025 он гэхэд 6,5 саяд хүргэх зорилт тавьжээ.  

Барууны орнууд, ялангуяа АНУ-ын зүгээс Оросын эсрэг авсан  эдийн засгийн хоригоо улам чангатгаж байгаа энэ үед  Евразийн эдийн засгийн интеграцийг бэхжүүлэхээр оросууд улам идэвхийлэн ажиллаж байгаагийн нэг жишээ нь энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалт юм.

Тус форумд оролцохоор гадаадын 60 гаруй улсын 6000 орчим төлөөлөгчид Владивостокт ирнэ гэсэн урдчилсан тооцоо гараад байна. Нийтдээ 2000 орчим сэтгүүлчид чуулга уулзалтын үйл ажиллагааг сурвалжлах бол 500 гаруй сайн дурынхан зочид төлөөлөгчдөд туслах ажээ.

Өнгөрсөн онд болсон 3 дугаар чуулга уулзалтын явцад 2,5 их наяд рублийн үнийн дүн бүхий 194 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж байсан бол энэ онд дээрх тоо 3,5 их наяд рубльд хүрч магадгүй гэсэн баримжаа тоог Оросын хэвлэлүүд дурдаж байна.

Монгол Улсын оролцоо

Владивостокийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар уулзаж, хэлэлцээ хийнэ гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Д.Песков мэдэгдсэн байна. ВЭФ-д 2 удаагаа оролцох гэж буй Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 80 гаруй албаны хүмүүс болон бизнес эрхлэгчид багтжээ.

Энэхүү чуулга уулзалтад оролцох нь Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтран ажиллах ихээхэн нөөц бололцоо байгааг ОХУ болон гуравдагч орнуудын төрийн болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөгчдөд таниулах, дэлхий, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, бусад улс орны бодлого, байр суурийн талаар мэдээлэл авах чухал ач холбогдолтой юм.


Чуулга уулзалтын хүрээнд болохШинэ геополитикийн бодлого ба Азийн улс төрийн эдийн засаг:Оросын боломжуудсэдэвт хэлэлцүүлэгт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцоно гэсэн мэдээллийг форумын албан ёсны цахим хуудаснаас олж харлаа.

Хятад, Энэтхэг гэсэн хоёр гүрэн хүчирхэгжиж байгаа нь дэлхийн геополитикийн нөхцөл байдлыг өөрчиллөө. Өмнө нь энэ хоёр улс өрсөлдөөний талбар төдий байсан бол одоо манлайлагч гүрнүүдтэй эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрчээ. Ийм өөрчлөлт нь Орос улсад юуг авчрах вэ? Хоригийн болон худалдааны дайнууд нь Хятад, Энэтхэг хоёрын стратегийн бодлогод хэрхэн нөлөөлөх вэ? Геополитикийн шинэ нөхцөл байдалд Орос улс юу хийж чадах вэ? гэх мэт асуултуудад хариулт өгөх дээрх хэлэлцүүлэгт Д.Цогтбаатар сайд оролцох юм.

Түүнчлэн “Зүүн Хойд Ази дахь эрчим хүчний хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэгт манай улсаас Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерөн-Өлзий илтгэл тавьж оролцох гэж байгаа тухай чуулга уулзалтын хөтөлбөрт дурджээ.

Зүүн Хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагаа бол манай улсын ирээдүйн хөгжлийн хэтийн төлвийг тодорхойлоход маш чухал ач холбогдолтой сэдэв билээ. Тус бүс нутагт эрчим хүчний эх үүсвэрийн хуваарилалт тэнцвэргүй байгаа, эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт хурдацтай өсч буй өнөө үед импортлогч орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн эрчим хүчний хангамжийн зохистой түвшнийг хангах шаардлагатай болсон билээ. Тус бүс нутагт эрчим хүчний үйлдвэрлэл ба хэрэглээг зохицуулахад чиглэсэн маш олон загварчлалыг боловсруулаад байгаа. Гэхдээ Орос, Хятад, Монгол, Умард Солонгос, Өмнөд Солонгосын хувьд газар нутгийн хувьд ойр орших учраас харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, эрчим хүчний эх үүсвэрүүдийг хоорондоо арилжаалах илүү өргөн боломж бий.

Хэлэлцүүлгийн явцад Зүүн-Хойд Азийн эрчим хүчний ирээдүйн хандлага ямар байх вэ? Оросын эрчим хүчний салбар бүс нутгийн интеграцид ямар үүрэг оролцоотой байх вэ? Умард Солонгосын эрчим хүчний салбарын хөгжлийн хэтийн төлөв ямар байна вэ? гэх мэтчилэн олон асуултын хариуг эрж хайх болно.

Чуулга уулзалтаар маш олон сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнөнө гэдэг нь ажил хэргийн хөтөлбөрөөс тодорхой харагдаж байна. Тэдгээрийн дотроос “Тоон технологийн тээвэрлэлт бол Их Евразийн ирээдүй мөн” гэсэн сэдэв хамгийн ихээр сонирхол татлаа. Олон улсын тээврийн коридоруудад тоон технологийг нэвтрүүлснээр Алс Дорнод нь Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа газар болох юм. Хил дамнасан тээврийг тоон хэлбэрт шилжүүлэх, “нэг цонх”-ны үйлчилгээг нэвтрүүлэх, бичиг баримт бүрдүүлэлтийг цахим хэлбэрт шилжүүлснээр дэлхийн худалдаанд эргэлт гарч, Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн өсөлтийг хангах боломж бий болгоно.

“Приморье-2” коридорт /Чанчунь – Жилинь – Хунчунь – Зарубино боомт – далайн зам/ уг технологийг хэрхэн нэвтрүүлэх вэ? Бүс нутгийн орнуудын ашиг сонирхлыг харгалзан үзсэний үндсэн дээр олон улсын тээврийн коридоруудын дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулах нь, Алс Дорнодод хэрэгжих ложистикийн төслүүдэд мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч компаниудыг хэрхэн татан оролцуулах вэ? гэх зэрэг олон асуудлыг дээрх хэлэлцүүлгийн үеэр хөндөх юм.

Ким Жөн Ун Владивостокт ирэх үү?
 
Энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун оролцож магадгүй байгаа нь тус арга хэмжээний нэр хүндийг эрс өсгөж, түүнийг зөвхөн эдийн засгийн асуудлуудаар бус мөн улс төр, геополитикийн асуудлаар ярилцдаг талбар болгон хувиргана. Бүс нутгийн орнуудын төрийн тэргүүн нараас Хятадын удирдагч Ши Жинпинь, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Владивостокт ирэх нь үндсэндээ тодорхой болоод байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх магадлал өндөр байгаа юм. Хэрвээ тэдэнтэй Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нэгдэх аваас Владивосток хотод Зүүн Хойд Азийн орнуудын Дээд хэмжээний уулзалт болж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэхийг үгүйсгэх аргагүй.  Ким Жөн Ун ВЭФ-2018-д оролцож магадгүй гэсэн мэдээлэл хэвлэлүүдэд гарсаар байгаа боловч БНАСАУ-ын тал үүнийг одоохондоо нотлоогүй байгаа юм. 



Нөгөө талаас, ВЭФ-ийн үеэр мэдээжийн хэрэг эдийн засгийн асуудлыг эн тэргүүнд тавьж хэлэлцэнэ. Гэтэл Умард Солонгосын эсрэг авсан олон улсын 9 багц хориг арга хэмжээ үйлчилсэн хэвээр байгаа учраас Владивостокт тус улстай тодорхой чиглэлд хамтран ажиллах тухай асуудлыг хэлэлцэх боломжгүй юм. Иймээс Ким Жөн Ун ВЭФ-2018-ыг тухайлан сонирхохгүй байж магадгүй. Тэгээд ч ОХУ-БНАСАУ-ын худалдааны эргэлт дөнгөж 77 сая доллароор хэмжигдэж байгаа өнөө үед хоёр талын эдийн засгийн харилцааны асуудал бараг хөндөгдөхгүй болов уу гэж “Коммерсант” сонины Азийн асуудлаар мэргэшсэн шинжээч М.Коростиков үзэж байна.
 
Гэхдээ Умардын удирдагч улс орноо тусгаарлагдмал байдлаас гаргахын тулд Хятадын удирдагч Ши Жинпиньтэй 3 удаа, АНУ-ын Ерөнхийлөгч болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нартай тус бүр нэг удаа уулзаад байгаа билээ. Энэ талаас нь дүгнэвэл, Ким Жөн Ун Владивостокт ирж, Умардын цөмийн хөтөлбөрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг сонирхож буй улсууд болох ОХУ, Японы удирдагчидтай нүүр тулан ярилцах хүсэлтэй байж магадгүй.  Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээнд БНАСАУ, БНХАУ, БНСУ, ОХУ, АНУ, Япон оролцож байсан бөгөөд уг хэлэлцээ хамгийн сүүлд 2009 онд болоод тасалдсан билээ. Ким Жөн Ун Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровтой уулзах үеэрээ В.Путинтэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба уулзалтыг хийх хамгийн тохиромжтой газар бол Владивосток мөн гэдэг дээр санал нэгтэй байсан юм. Ер нь бол, БНАСАУ-ын тал өндөр дээд хэмжээний уулзалтад оролцох эсэхээ хугацааг нь нэлээд тулгаж байж мэдэгддэг учраас Ким Жөн Ун Орос улсад анх удаагаа айлчлахыг үгүйсгэх аргагүй.  
 
Б.Адъяахүү


 
 
 
Холбоотой мэдээ