Увс аймгийн 7 гайхамшигт газар

Орон нутагт | Увс
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 15:58:09

Увс аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд аймгийн байгалийн үзэмжит 7 газрыг нэрлэж, дотоод гадаадын жуулчдыг татахын тулд танилцуулга мэдээллийг холбогдох байгууллагуудаас бэлтгэн гаргасан байна.

Үүнд:

1. Ханхөхий уулс

   Нийслэл Улаанбаатар хотоос 1160 км, аймгийн төв Улаангомоос 270 км зайд алслагдсан. Ханхөхий нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр талбайгаар хүрээлсэн, 2000 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой газар юм. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Оргил нь Алтан дуулга уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2928 метр өндөр.

2. Мөнгөт цахир уул

   Давст сумын төвөөс 50 орчим км-т цагаан саарал өнгийн шохойн гантиг чулуунаас тогтсон мөнгөлөг цагаан өнгөтэй, д.т.д 1600 метр өндөрт орших уулыг Мөнгөт цахир уул гэдэг. Монгол улсын дархан цаазат энэ уулын аманд байрлах зурагт буга, янгир ямаа, олон тооны тамга тэмдэг, хүний нүүрийг дүрсэлсэн байдаг.

Уулын зүүн талын аманд хадны дээд хэсэгт эгц урдаас нь харсан хүний нүүрийг дугуйд багтаан хөмсөг, нүд, хамар амтай дүрсэлжээ. Түүний доор цаашаа хараад зогсож буй шовгор оройтой малгай өмссөн хүний их биеийн хэсгийг хөвөөлөн гаргасан эдгээр дурсгалыг МЭӨ 3-1 мянган жилд холбогдоно гэж судлаачид үздэг.

3. Алтан элсний дархан цаазат газар

   Алтан элс нь Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг дэлийн элсний зүүн хэсэг юм. Талбай нь 177.5 мянган га. Элсэн дороос эх аван урсдаг цэнгэг устай гол горхи, булаг шанд, баян бүрдүүд бий. Алтан элсийг эрт дээр үеийн амьтдын үлдэгдэл, түүхийн дурсгалыг хадгалан үлдэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авчээ.

4. Хяргас нуур

   Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт, Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт Хяргас нуур оршдог. Нуурын гадаргын талбай нь 1407 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 75 километр, өргөн 31 километр, дундаж өргөн нь 19 километр, усны мандал нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршдог.

5. Гоожуурын хүрхрээ

   Ховд сумын нутагт Хархираа, Түргэний уулсын баруун урд оршино.Байгалийн үзэсгэлэнт газар Гоожуурын хүрхрээ нь 17 м өндрөөс унана. Олон нуурын уулс нь д.т.д 3000 м өндөр. Мөнх цас, сүрлэг хад уулс, улаан номд орсон нэн ховор ирвэс, аргаль, янгир, буга зэрэг 20 зүйлийн ан амьтан, 30 гаруй зүйлийн ургамалтай. Том жижиг 108 нууртай. Шар, ногоон, сүүн цагаан зэрэг олон өнгөтэй. Мөн Вансэмбэрүү цэцэг харах боломжтой.

6. Увс нуур

   Увс нуурын Дархан цаазат газар нь Улаангом хотоос 36 км-т оршино. Увс нуур нь Монголын хамгийн том нуур бөгөөд нийтдээ 3350 га талбайтай. Уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км. Гүн нь 12-15 м, зарим газраа 29 м хүрнэ. Эргийг нь дагаж тойрвоос 450 км урт. Нас нь 200 сая жил гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана.

7. Дэглийн цагаан уул

   Монгол Алтайн нурууны цавчим хаднуудаас үүсэлтэй Түргэний уулсын ноён оргил Цагаан дэглий уул нь далайн төвшнөөс дээш 4096 метр өндөр. Түргэний уулс нь Бөхмөрөн, Сагил сумыг дамжин 70 орчим километр үргэлжлэх уулс бөгөөд Цагаан дэглий уулаас зүүн тийш Хавцалын боом хүртэлх 145.1 мянган га талбайг хамардаг.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд