Тээврийг бүрэн шийдвэл сайжруулсан түлшний нийлүүлэлтэд хүндрэл гарахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2018-09-05 19:22:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүрсний салбарын томоохон арга хэмжээний нэг “Coal Mongolia-2018” чуулганы үйл ажиллагаа өнөөдөр хоёр дахь өдрөө “Шангри Ла” зочид буудалд үргэлжилж, “Нүүрсний боловсруулалтын технологи ба агаарын бохирдол”, “Зам тээврийн салбар ба нүүрсний тээврийн ложистик”, “Нүүрсний баяжуулалтын техник, технологийн тулгамдсан асуудал” зэрэг 3 сэдвээр илтгэл хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаар танилцуулах үеэр “Засгийн газрын тогтоолын дагуу ирэх оны тавдугаар сарын 15-наас хойш нийслэл хот рүү түүхий нүүрс оруулах хориотой. Хэрэв оруулсан тохиолдолд хэрхэх нь тодорхойгүй байна” гэж чуулганд оролцож буй зарим оролцогч үзэн, түүхий нүүрс түлэн, утаа ялгаруулсан иргэн, ААН-ийг торгох нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байлаа. Засгийн газрын шийдвэр 9 сарын дараа хэрэгжиж эхлэх үед сайжруулсан болон шахмал түлш үйлдвэрлэгчид бэлэн үү? Тэд гэр хорооллын өрхүүдийг түлшээр бүрэн хангаж чадах уу гэдэг нь чухал гэсэн хэлэлцүүлгийн үеэр гарсан санал бүхий асуултанд “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийн захирал Х.Халиун “Тээврийн асуудлыг бүрэн шийдвэл хүндрэл гарахгүй” гэсэн хариу өгч байлаа. Учир нь Ухаа Худаг дахь "Энержи Ресурс" компани түлш үйлдвэрлэгчдийг түүхий эдээр хангах гурван жилийн хугацаанд 800 мянган тонн угааж баяжуулсан нүүрсээр үнэ төлбөргүй хангах гэрээ хийсэн байна. Нийслэлийн байгаль орчны газраас тавьсан хүсэлтийг тус компани хүлээн авсан аж. Гэвч Өмнөговь аймгаас нийслэл рүү угааж баяжуулсан нүүрс тээвэрлэхэд нэг талдаа гурван өдрийн хугацаа зарцуулна. Үнийн хувьд нэг тонн сайжруулсан түлшний үнэ 220 мянган төгрөг байх аж. 

Нийслэлийн засаг даргын Ногоон хөгжил, байгаль орчны асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан цааш нь мэдээлэхдээ, “Агаар бохирдуулагч гол эх үүсвэр нь гэр хорооллын өрхүүдийн яндангаас гарч буй утаа, нийтийн тээврийн хэрэгслүүд, уурын зуухууд болон ДЦС-ууд байдаг. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 68, нийслэлийн хөрөнгөөр 10 уурын зуух буулгана. 2020 он гэхэд гэр хороололд шинээр 27 дэд бүтцийн төв барихаас энэ онд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт барьж байна. АХБ-ны санхүүжилтээр Сэлбэ дэд станцыг барих ажил үргэлжилж байна. Дэд бүтцийн төв барихад иргэдийн санал санаачилгад тулгуурлаж байна. Үүний тулд гэр хорооллын иргэд чухам хаана дэд бүтэц бариулах шийдвэрээ хамтран гаргаж, нийслэлийн захиргаанд хүсэлтээ уламжлах ёстой юм“ гэж байлаа.
Б.Болд
 
Холбоотой мэдээ