“Discover Mongolia-2018”:Үндэсний баялгийн сан байгуулах талаар ярилцаж байна

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2018-09-06 16:15:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр эхэлсэн эрдэс баялаг, уул уурхайн “Discover Mongolia-2018” чуулганы нэгдсэн хуралдааныг Монголын Бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Камерон Макрэй нээн даргалж, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар “Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь” сэдвээр үг хэлэв.
Түүний дараа “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Дэлхийн түвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд” сэдвээр илтгэл тавихдаа, “Оюутолгой төсөл Монгол Улсын төсөвт нийтдээ 1.6 тэрбум ам.доллар буюу 2.9 их наяд төгрөг оруулж, энэ оны эхний хагас жилд 238 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна.“Бид энэ төслийг хамтран хэрэгжүүлэх явцдаа дотоодын үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүний ихэнхийг худалдан авч байгаа бөгөөд Оюутолгой 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 2.5 тэрбум ам.доллар зарцуулсан. Өнөөдрийн ярьж буй далд буюу гүний уурхай нь 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай, урт хугацааны төсөл. Бүтээн байгуулалт нь нарийн төвөгтэй, 16 мянга гаруй хүнд зориулсан хоол хүнс, дулаан хангамжийг цогцоор нь шийдсэн  том бүтээн байгуулалт бөгөөд 2027 онд бүрэн хүчин чадалдаа хүрч, 2200 орчим хүдэр буулгах цэг байгуулна. Энд хүрэлцэн ирсэн бусад хөрөнгө оруулагчдад манайх шиг ийм олон том төсөл Монголд хэрэгжээсэй гэсэн хүлээлт байгаа гэдэгт  би итгэж байна” гэсэн юм.

Чуулганы үдээс хойших хуралдаан “Хайгуулаас мега төсөл хүртэл”, “Уул уурхайн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр” сэдвээр үргэлжилж манай улсад анх хөрөнгө оруулаад 10-аад жил болж буй гадаад, дотоодын компаниудын төлөөлөл өөрсдийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт хэрхэн өргөжин тэлж буй талаар танилцуулсан юм. Тухайлбал, Өмнөговьд шинээр зэс порфирын ордыг нээн илрүүлж Монгол дахь үйл ажиллагаагаа өргөтгөх зорилготой ажиллаж байгаа Канадын хөрөнгө оруулалттай “Кинкора Коппер Лтд” компанийн ерөнхийлөгч Сэм Спринг, “Бид Монголын томоохон зэс порфирын хүдэржилтийн систем бүхий “Хүрэл Үнэг” төсөл болон Цагаан суваргын дагуул орд байх боломжтой зүүн Цагаан суварга талбай дээр 2 дахь шатны өрөмдлөгийн ажлыг явуулах гэж байна. Ингэхдээ бид орчин үеийн шинэлэг аргаар эрэл хайгуулын ажлыг хийж байна” гэв. Үүний дараа Овоот төсөл дээр ажиллаж байгаа “Аспайр Майнинг Лтд” компанийн захирал Дэвид Полл, “Бид олон улсын зэрэглэлийн сайн чанарын коксжих нүүрсний орд газруудыг Монгол Улсад нээж олборлох, ингэснээр хувьцаа эзэмшигчдийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна” гээд Монгол Улсын хойд бүсийн коксжих нүүрсний ханган нийлүүлэлтийн талаар дэд бүтцийн сүлжээ байгуулах талаар ажиллаж байгаагаа дуулгасан юм. Тэгвэл “Степп Гоулд” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Т.Батаа өөрийн компанийг “Монгол Улсын дараагийн алт, мөнгөний олборлогч” хэмээн тодотгож байсан бол Хармагтайн төсөл дээр ажиллаж буй “Занаду Майнс” ХХК 25 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаагаа мэдэгдэж байв. Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн талаар Монголын Бизнсийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, “Ирээдүйн эрдэс баялгийн бирж”-ийн талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүү хариуцсан дэд захирал Г.Ганболд, “Үндэсний баялгийн сан” байгуулах талаар УУХҮ-ийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр нар илтгэл тавьж хэлэлцүүлж байна.

Хэлэлцүүлгийн үеэр бид чуулганы талаар Уул уурхайн салбарын шинжээч, геологич С.Мөнхбатаас тодруулбал, ойрхон болж буй “Coal Mongolia-2018” болон “Discover Mongolia-2018” нь адилхан хоёр арга хэмжээ мэт харагдаж болох ч хөрөнгө оруулагчид болон уул уурхайнханд бол тийм биш юм. Эхнийх нь зөвхөн нүүрсний салбарын зах зээлийн байдал, хөрөнгө оруулалтын эргэн тойрныг хэлэлцсэн бол “Discover Mongolia-2018” нь алт, зэс, төмрийн хүдэр гээд уул уурхайн бусад эрдэс баялгийн талаар ярилцаж байгаагаар салбарын хувьд өргөн хүрээг хамарсан, мөн татвар, бизнесийн орчин, хөрөнгө оруулалт зэрэг сэдвийг хөндөж байгаагаар цар хүрээ ихтэй арга хэмжээ болж байгаа юм. Үүнийг 25 орныг төлөөлсөн 700-гаад зочин оролцож буй өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгээс харж болно. Хамгийн гол нь энд хөрөнгө оруулагчид их ирснээс гадна олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл оролцож олноор оролцож байна. Төр, засгийн зүгээс буюу УУХҮЯ-наас нээлттэй илтгэл тавилаа. Манай улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын бүтээн байгуулалт, томоохон төслүүд урагшлахад хөрөнгө оруулах таатай боломж нээгдэж гэрэл гэгээ харагдаж эхэлж байна” гэсэн юм.
Б.Болд
Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ