“Samsung Electronics” компанийн зах зээлийн үнэлгээ 80.1 тэрбум долларт хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-10 14:28:04
twitter.com/Nyamkanmk
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung Electronics” компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 60 орчим хувиар өсч, 80.1 тэрбум долларт хүрсэн байна.

Их Британийн “Brand Finance” компаниас гаргасан БНСУ-ын шилдэг 50 компанийн үнэлгээний жагсаалтыг ухаалаг утас үйлвэрлэгч “Samsung Electronics” компани тэргүүлжээ. “Samsung Electronics” компанийн үнэлгээ 88.8 триллион вонд хүрсэн нь өнгөрсөн оныхоос 57 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Үүний зэрэгцээ тус компанид “Brand Finance” компаниас өгдөг хамгийн дээд буюу “ААА+” үнэлгээг өгсөн байна. Ингэснээр ийм үнэлгээ авсан цорын ганц компани нь “Samsung Electronics” болж байна.

Харин автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани 11.3 триллион воны зах зээлийн үнэлгээтэйгээр уг жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн бол “LG Electronics” компани 8 триллион воны үнэлгээтэйгээр гуравдугаарт оржээ.

Мөн “Samsung Electronics” компанийн эцэг компани болох “Samsung Group” 105 триллион долларын үнэлгээтэй байна гэж тайланд дурджээ. Энэ нь дэлхийн хэмжээнд “Amazon”, “Apple” компанийн дараа гуравдугаарт бичигдэх үзүүлэлт юм.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ