Уул уурхайд өрсөлдөхүйц татварын орчин, тогтвортой бодлого үгүйлэгдэж байна

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2018-09-10 16:37:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 7 хоногт манай улсад хоёр өдөр чуулсан “Coal Mongolia-2018”-д  оролцогчдын зүгээс тавьсан зарим илтгэл болон гарсан саналуудыг хүргэж байна.
“Erdene resourse development” компанийн захирал Жон Лайонс, “Чуулганы өмнө нийгмийн оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд орон нутгийнхан уул уурхайн компаниудаас хандив авах хэрэгцээ бийг ойлгож буй ч ганц нэг удаагийн тэмдэглэлт ой, үйл явдалд зориулан мөнгө өгөхөөс илүү урт хугацаанд үр дүнгээ өгөхүйц ажилд зарцуулах ёстой гэдэг талаар ААН-үүд саналаа илэрхийлж байсан”-ыг дурдаж байв. “Бат солюшн партнерс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг, “Уул уурхайн мэдээллийг тогтвортой, үнэн зөв өгөх нь чухал” гэсэн бол “Оюутолгой” ХК-ийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн ерөнхий менежер Ш.Байгалмаа хэлэхдээ, “Уул уурхайн компаниудаас орж ирсэн орлого, түүний зарцуулалт, өр авлагын талаарх мэдээлэл, төрийн зүгээс олон нийтэд өгч буй мэдээллийг ил тод болгох нь компаниудад дэмжлэг болох чухал ач холбогдолтой” хэмээн онцолж байв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх М.Дагва хэлэхдээ, “Манай улс хайгуулд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байгаа. Үүний тулд хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн татварын болон бизнесийн тогтвортой орчин бий болгох шаардлагатай. Мөн баялагтай улс орон бүрт тулгардаг нэг бэрхшээл болох орон нутгийн иргэдийн зүгээс тавьдаг “Манай нутагт ямар ашиг ирж байгаа юм бэ?” гэх асуултад хариулт өгөхгүй удаан байснаар талуудын итгэл алдарч, эсэргүүцэх тал руугаа ордог явдал” гэв. 

Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-ийн Дэд бүтэц, байгалийн баялгийн газрын ахлах мэргэжилтэн Аржун Балла, “Уул уурхайн компаниуд хайгуул хийн, олборлолт явуулахад усны нөөцийг хамт хуваан хэрэглэх нь эдийн засаг, нийгмийн талдаа ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бол сөргөлдөөн үүсэх магадлалтай. Усны менежментэд оролцогч Засгийн газар, салбарын яам, компани, ААН-үүд, орон нутгийн иргэд гэсэн олон талын хамтын ажиллагаа, үүрэг чухал байна” эсэн бол Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри,“Манай компаниуд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой, гэхдээ татварын орчин, хайгуул хийх боломжит талбай бага байна. Уул уурхайн компаниуд чанартай, өгөөжтэй ажиллахын тулд тухайн улс орон татварын орчноо хамгийн трүүнд дэлхийн жишигт нийцүүлэх хэрэгтэй. Австрали улс хөрөнгө оруулагчдыг бодолцсон татварын системтэй. Оюутолгой шиг, дэлхийн стандартад нийцсэн том төсөл дараагийн 10 жилд Монголд байх шаардлагатай. Танай улсын хувьд шийдэх ёстой хоёр асуудал байгаа нь бусад улстай өрсөлдөхүйц татварын орчин болон тогтвортой бодлоготой байх явдал  юм” гэдгийг зөвлөсөн. “Кинкора Коппер” ХХК-ийн ерөнхийлөгч Сэм Спринг, Уул уурхайн салбарт баримтлах бодлого нээлттэй, тогтвортой байвал хөрөнгө оруулагчид тогтвортой ажиллан, хоёр тал харилцан ашигтай байж, дэд бүтэц ч сайжрах боломжтой гэдгийг онцлов.
Б.Болд
Гэрэл зургуудыг Б.Чадраабал
Холбоотой мэдээ