Ц.Тагарваа: "Сэлбэ" голын даланг нарийсгасан нь олон айлыг усанд автахад хүргэсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunzaya@montsame.mn
2018-09-11 15:16:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дунд голын Сэлбэ үерийн хамгаалалтын даланд зөвшөөрөлгүй барилга барьж байсан иргэн С.Нямдаваагийн барилгыг албадан буулгажээ. Энэ тухай Геодези, Усны барилга байгууламжийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Тагарваагаас тодрууллаа.

- Дунд голын үерийн хамгаалалтын далан дотор зөвшөөрөлгүй барилга хэзээнээс барьж эхэлсэн бэ?

-Энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдөр иргэн С.Нямдаваа ГУББГ-т үерийн даланг өөрийн хөрөнгөөр ногоон байгууламжаар тохижуулан, хамтарч ажиллая гэсэн хүсэлт гаргасан. Ажлын зургийг нь үзвэл  даланг дотогш нь нарийсгаж барихаар байсан тул зөвшөөрөөгүй. Гэтэл 2018 оны наймдугаар сард тэд барилгын ажлаа эхлүүлсэн. Бид гурван удаагийн албан шаардлага өгч ажлаа зогсоохыг шаардан өнгөрсөн бямба гаригт цутгалт хийх хэв хашмалыг нь хураасан боловч ажлаа зогсоолгүй үргэлжлүүлж байна.

-Иргэн С.Нямдаваа нь яагаад зөвшөөлгүй байж дур мэдэн ажил эхлүүлэв. Тэр танай байгууллагатай ямар нэгэн холбоо бий юу?

-Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ нь үерийн хамгаалалтын барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүрэгтэй мэргэжлийн байгууллага.  Гамшгийн эрсдлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчлөх, бохир болон бусад шугам холбох нь хуулиар хатуу хориотой байдаг. Ямар ч холбоогүй гэдгийг баталж байна.

-Даланг  хэдэн онд барьсан бэ?

-Иргэн С.Нямдаваагийн хууль журам зөрчиж барилга бариад байгаа Дунд голын Сэлбэ далан бол Улаанбаатар хотын зүүн хойд хэсгийг үерийн уснаас хамгаалах зорилгоор баригдаж, 2014 онд засвар шинэчлэлтийн ажил бүрэн хийгдсэн. Олон жилийн ус зүйн тооцоо судалгаа, инженерийн хийц зохиомжоор  100 жилд нэг тохиох үерийн гамшгаас хамгаалахаар хийсэн байгууламж.  Энэ далан 60 метр өргөнтэй гэтэл иргэн С.Нямдаваа үерийн далангийн 40 метрийг нь барилга барих гэж буй газартаа оруулсан байна. Цаана нь 20-хон метрийн өргөнтэй үерийн далан үлдэж байгаа юм. Тэгэхээр давтамж нь ойртсоор байгаа 100 жилд нэг тохиох үерийн гамшгаас хамгаалах ямар ч чадваргүй болж байна.

- Тус даланд барилга барих нь ямар эрсдэлтэй вэ?     

- Ихээхэн хүчтэй үер болоход хохирлын хэмжээг үнэлэхийн аргагүй байдалд хүргэнэ. Шуудхан хэлэхэд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Баянмонгол хороолол, Саруул хорооллын  оршин суугчид үерийн гамшигт амь нас, эд хөрөнгөөрөө шууд хохирно.

- Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хэлтсийг байлцуулан албадан буулгах арга хэмжээг авч байна. Ногоон байгууламж барих нэрийн дор үер усны аюул эрсдэлээс хамгаалах чухал онцгой байгууламжийг эвдэж сүйтгэж, ус өнгөрүүлэх чадварыг нь алдагдуулж болохгүй.Үерийн байгууламж хариуцдаг байгууллагын хувьд хэрхэвч зөвшөөрөхгүй.
Холбоотой мэдээ