Ахмадууд мэргэн санаа, онч үгээ аймгийн удирдлагадаа дуулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 12:32:51

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо болсон “Төр, нийгмийн ахмад ажилтны аймгийн анхдугаар зөвлөгөөн”-ийг аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр нээж хэлсэн үгэндээ  “Төр, нийгмийн хөгжлийг цааш илүү зөв чигт залах 150 мэргэн санаа, 150 онч үгийг энд сонсоно гэдэгтээ бид итгэлтэй байна." хэмээн онцоллоо. 

Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан олон улсын ахмадын өдрийн өмнө зохион байгуулсан уг зөвлөлгөөнд 13 сумын нийт 150 гаруй ахмадууд оролцож ахмад настуудын хөдөлмөр эрхлэх таатай нөхцөл бүрдүүлж, орлогын нэмэлт эх үүсвэртэй болгох гээд ахмад настны нийгмийн хамгаалал, эрх ашгийг хөндсөн олон асуудлыг гаргаж тавьлаа.  

Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь "Сүхбаатар аймгийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлага" сэдвээр илтгэл тавихдаа "Ирээдүй өнөөдрөөс биш өчигдрөөс эхэлдэг. Ирээдүйн сайн сайхны тухай ярихдаа өнгөрсний сургамж, үнэт туршлагыг нэхэн санах нь зүй юм. Түүнчлэн төрийн бодлогод ахмад үеийнхний холч мэргэн ухааныг баримжаа болгох ёстой. Энэ үүднээс “Төр, нийгмийн ахмад ажилтны аймгийн анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачлан зохион байгуулж, та бүхний санал, зөвлөмжийг сонсон, түүнээ цаашид хийж хэрэгжүүлэх ажилдаа тусгахыг зорьсон учиртай" гэж  зөвлөгөөний зорилго чиглэлийг тодорхойллоо. 

 Г.Сүхээ

 

Related news
Comments