Скаутын байгууллагын төлөөллүүд аймгийн Засаг даргатай уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Дэлхийн Скаутын Сангийн төлөөлөгч Пит Армстронг, Монголын Скаутын Холбооны гүйцэтгэх захирал А.Билгүүн болон аймгийн Скаутын зөвлөлийн удирдлагууд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзлаа.
Тус уулзалтаар 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хэнтий скаутын зөвлөлийн санаачлан хэрэгжүүлж буй Зүүн бүсийн скаутын төв-хүүхэд залуучуудын хөгжлийн ордныг байгуулах төслийн үйл ажиллагааг танилцууллаа. Мөн энэ үеэр уг барилгын ажлыг дэмжин зураг, барилгын суурь цутгах ажилд шаардлагатай санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхийг Засаг даргад уламжиллаа.
Орон нутагт хийх энэхүү бүтээн байгуулалтын төсөл нь төр хувийн хэвшил, ТББ-ын хамтын ажиллагаагаар цогцлоон бүтээхээр төлөвлөгдөж байгаа гэдгийг дурдаж, олон улсын байгууллагын зүгээс орон нутгийн засаг захиргааны бодит дэмжлэгийг харгалзан дэмжихээ илэрхийлж байлаа.
Мөн Хэнтий аймгийн удирдах зөвлөлийн дарга, гишүүн скаутмастерууд болох С.Бат-Эрдэнэ, Б.Жавхланбаяр нар 2018 оны сургалтын үүрэг амлалтаа биелүүлж, 3 модон тэмдгээ гардан авлаа.