Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд талуудын үүрэг, хариуцлага хамгийн чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-12-28 20:10:51
Хэнтий /МОНЦАМЭ/ БОАЖЯ, Азийн хөгжлийн банк, УИХ-ын гишүүд, Хэнтий аймгийн ЗДТГ, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслөөс “Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд талуудын үүрэг, хариуцлага” хамтарсан уулзалтыг Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд зохион байгуулав.
Тус уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, УИХ-ын гишүүний зөвлөх Э.Тэмүүжин, Б.Наранбат, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Салбарын эрхлэгч, доктор, “Чингис хааны өв, соёлын хүрээлэн”-гийн зөвлөх Б.Цогтбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, аймгийн БОАЖГ-ын дарга Б.Дархантөр, ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү, Дадал сумын Засаг дарга Д.Мөнх-Од, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн нэгжийн багийн гишүүдээс бүрдсэн 30 шахам хүн оролцлоо.
Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оролцогч талуудын үүрэг, оролцоог тодорхойлох, 2022-2025 онд Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө боловсруулах зорилготой тус уулзалтаар талууд 5 үндсэн сэдвээр хэлэлцэв. Тухайлбал, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн Хэнтий дэд төслийн хүрээнд хэрэгжиж буй “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”-ын хэрэгжилтийн явц, хэрэгжилттэй холбоотой асуудал, “Мянганы суут хүн-Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк байгуулах хөтөлбөрийн хэрэгжилт, Түүхэн аялал жуулчлалын цогцолборуудын төлөвлөлтийн асуудал, хамтран ажиллах төлөвлөгөөний төслийн талаар зөвшилцлөө. Уулзалтын үр дүнд “Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх” хамтарсан төлөвлөгөөг боловсруулахаар боллоо.
Related news