Хүүхдийн мөнгөн тэтгэмж хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-22 14:32:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулганыг Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Чуулганаар хүүхэд хамгааллын нөхцөл байдал, хүүхдийн эрхийн хэрэгжилт, хүмүүжил болон тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

"Баян-Өлгий аймаг бол Монгол Улсын хамгийн олон хүүхэдтэй аймаг. Өнгөрсөн сарын мэдээгээр тус аймаг нь 44407 хүүхэдтэй бөгөөд нийт хүн амын 40 гаруй хувийг эзэлж байна. Бүтэн жилийн хугацаанд бид цар тахалтай тэмцэж байхад нөгөө талд хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байлаа. Сүүлийн жилүүдийн статистик мэдээнээс гарахад хүүхдүүд осол, гэмтэлд өртөх явдал байнга давтагдаж байгаа. Тийм учраас өнөөдрийн хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулганаар цаашид анхаарах асуудал, хүүхдээ яаж боловсролтой, эрүүл саруул, зөв хандлагатай болгох вэ гэдийг ярьж байна" хэмээн аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Бауыржан хэллээ. 

Баян-Өлгий аймагт хүүхдийн өмнө тулгамдсан олон асуудал байгааг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Пернегүл хэлэв. Тухайлбал:

- Тус аймагт өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн тухай 496 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 170 зөрчлийн хэрэг үүсгэжээ. Гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл хүүхдүүдэд муу үлгэр дуурайлал үзүүлж, бие махбодь, сэтгэл санаагаар хохирч байна.

- Төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдахгүй байна.

- Сургууль, дотуур байрны орчин, эрүүл ахуйн байдал, модон жорлон зэргийн улмаас хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна.

- Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага, мэдээлэлд анализ хийж үзэхэд багшийн зүгээс хүүхдийн бие махбодод халдах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, хүчирхийлэл, хорт зуршилд өртөх тохиолдлууд байсаар байна.

- Хурдан морины уралдааны үеэр хүүхдийн аюулгүй байдалд тавигдах стандарт мөрдөгдөхгүй байна.

- Худалдаа, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаанд хүүхдийг туслах ажилтнаар ажиллуулдаг тохиолдлууд гарч байна.

- Хүүхдийн зураг, бичлэгийг цахим орчинд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр байршуулах явдал тасрахгүй байна.

- Сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын төрөлт, жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварт өвчин зэрэг нь эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын тулгамдсан асуудал болж байгаа тул төрийн байгууллага, хамтарсан баг, эцэг эх, иргэд анхаарал тавьж, хамтран ажиллах шаардлагатайг тэрээр онцоллоо.  



Related news