БАЯНХОНГОР: Нарийн тансаг ноолуурт "Залаажинстийн цагаан"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-01-27 09:38:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ноолууран бүтээгдэхүүний томоохон үйлдвэрүүдийн гол нэрийн барааны түүхий эд буюу ноолуурыг Баянхонгор аймгийн говийн сумдаас нийлүүлж байна. Тодруулбал, Бодь кашмер, Ханбогд, Гоёл, Сор зэрэг үйлдвэр Шинэжинст, Баян-Өндөрийн нарийн ширхэгт цагаан ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд гаргаж байна.


Баянхонгор аймгийн говийн бүсийн Шинэжинст, Баян-Өндөр сумын малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнд галбир, бие цогцос, ашиг шимийн хувьд тодорхой ялгагдах онцлог бүхий “Залаа” нарийн ноолуурт, “Сувдан” биерхэг, “Мяндсан” урт ноолуурт, “Эдрэн” өтгөн ноост зэрэг дөрвөн генеологи удмуудыг бий болгожээ.


"Залаажинстийн цагаан" омгийн ямааны цөм сүргийг Баянхонгор аймгийн Шинэжинст суманд үржүүлдэг. Цагаан омгийн ямааны нас гүйцсэн ухна 58 кг, эм ямаа 40 кг жин татдаг байна. Мөн нас гүйцсэн ухнаас 380 гр, эм ямаа дунджаар 290 гр, 16-16.5 микрон голчтой ноолуур өгдөг аж. 



Сонирхуулахад, Шинэжинст суманд өсгөж үржүүлж буй нарийн тансаг ноолуурт "Залаажинстийн цагаан" омгийн ямаа 2015 оны 4-р сарын 15-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлөөр хэлэлцэн үүлдрээр баталсан байдаг. Үүлдрийн судалгаанд Баян-Өндөр сумын Эдрэнгийн багийн ямааг хамруулсан учир тус сумаас ирүүлсэн саналыг үндэслэн үүлдрийн нэрийг Залаажинст-Эдрэнгийн цагаан гэхээр тогтжээ.


"Залаажинст–Эдрэн" үүлдрийн ямаа биеийн аль нэг хэсэгт өөр өнгийн толбогүй цагаан зүстэй, ихэвчлэн дунд зэргийн хэмжээний наран, гэдэргээ хэлбэрийн эвэртэй, нүдний болор тод хар, зовхи бараан, сахлаг хялгастай, нарийн ноолууртай, говь цөлөрхөг нутгийн бэлчээрийн маллагаанд сайн зохицсон байдаг байна.

Related news