БАЯНХОНГОР: Нийт нутгаар 30 градус давж хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-07-17 13:35:59

Баянхонгор, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Энэ сарын 17-21-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг аймгийн УЦУОША-наас ирүүллээ. Энэ сарын 18-20-нд хангайн уулархаг нутаг, хээр талын нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орно.


Агаарын хэмийн хувьд нийт нутгаар халах төлөвтэй байгааг тус албанаас мэдээлэв. Тодруулбал,

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус, хээр талын нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна. Харин говийн нутгаар шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +33...+38 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +24...+29 градус, өдөртөө +38...+43 градус дулаан байна.


Эдгээр өдрүүдэд аймгийн долоон сумын 100 жилийн ой таарч байгаа учир иргэд олон нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо наршихаас сэргийлэхийг зөвлөж байна. Дараах зааврын дагуу өөрийгөө болон хүүхдээ наршихаас сэргийлж, наршсан тохиолдолд Эрүүл мэндийн газраас гаргасан дараах зөвлөмжийг дагаарай.


Наршилтаас сэргийлэх:

- Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
- Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
- Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
- Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
- Хурц наранд удаан явахаас зайлсхийх
- Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
- Хүйтэн ус, шүршүүрт орох


Наршсан үед илрэх анхны шинж тэмдэг:

- Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
- Бие суларч ядрах
- Зүрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
- Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох
- Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах,


Наршилтын үед үзүүлэх анхны тусламж:

- Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
- Нойтон алчуур толгойд нь тавих
- Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хүйтэн жин тавьж, ойр ойрхон солих
- Бүлээн шингэн уулгах

- Байдал дээрдэхгүй бол эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөж байна.

Related news